
Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр намууд хамтраад байгуулсан Засгийн газар жил ч бололгүй тарлаа. Одоо олонх болсон МАН дангаараа Засгийн газрыг байгуулахаар ярьж байна. Онолын хувьд энэ нь зөв болно. Гэвч, Үндсэн хуульд 2023 онд сонгуулийн холимог тогтолцоотой болгож, гишүүдийн тоог нэмсэн учраас буруудаж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулах Засгийн газар хэдий хэрийн “нас”-тайг хэн ч хэлж мэдэхээргүй болсон. УИХ-ын 2028 оны сонгууль хүртэл тэсэх үү. Ядаж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг давах уу. Эсвэл, ирэх өвөл гэхэд “өнхрөөд” өгөх үү. Нэгэнт өрөгдсөн улс төрийн нөхцөл байдлаас харахад, шинэ Засгийн газрын хувь заяа ийм бүрхэг байгаа юм.
Сүүлийн сар гаруйн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг унагах процесс үргэлжилсэн. Тэр нь хэрэгжсэн. Уг нь, тэрээр УИХ-д суудалтай томоохон намуудтай хамтарч байгуулсан. Тэр талаасаа, нэлээд бат бөх Засгийн газар бүрдсэн. Мөн ажил нь урагштай, тун дажгүй гэхээр явж байв. Гэсэн ч, “…Унагая” гэж шийдсэн талууд нэгдээд нэгхэн сар нүдээд л унагачихаж байна.
“…Энэ юуг хэлээд байна вэ” гэхээр өнөөгийн төрийн тогтолцоо буруу, алдаатай байгаатай холбоотой.
Тэгээд ч, тогтолцооны талаар Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэр нэлээд яригдсан.
Чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож “…Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш парламентад үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тийм ч учраас боловсронгуй болгохын төлөө өөрийн бүх он жилийг зориулсан. Ерөнхий сайд байхдаа ч энэ байр суурийг үргэлж илэрхийлж байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, саяын 126 гишүүнтэй болсон өөрчлөлт зэрэгт дандаа дэмжсэн. Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойгоор “…Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” гэдэг үгийг би хэлсэн. Сая албажуулж, нүүр хуудастаа дахин тавьсан. Манай ард түмний сонголт бол парламентын засаглал, ардчиллын баталгаа. Тийм учраас Ерөнхийлөгч цаашид ч парламентын засаглалыг дэмжинэ. “…Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй” гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр огт сонгохгүй” гэсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Нээлттэй хэлэлцүүлэг болж төрт ёсны түүхэнд үлдээсэй гэж бодсон. Хамтарсан Засгийн газар цаашид олон удаа байгуулагдана гэдэгт итгэж байгаа. Хамтарсан Засгийн газар бол улс орны хөгжлийг урагшлуулах хамгийн чухал шийдвэр гэж үздэг. Үүндээ үнэнч үлдэхийг, олон талаас нь тайлбарлахыг, нээлттэй парламентын мэтгэлцээн үүсгэхийг хичээлээ. Сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэх талаар тойрч ярилаа. Цаашид хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалыг цэгцэлж байж гүйцэтгэх засаглал ойлгомжтой болно. Парламентын хяналт тэнцэл болон бусад асуудал ч үүн дээр зангилагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнийг Ерөнхий сайд бүр л мэддэг. Нээлттэй ярьж чаддаггүй, ийм сэдэв. Ерөнхийлөгч ч өнөөдөр байр сууриа илэрхийлсэн нь чухал үр дүнтэй түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. ҮАБЗ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын чиг үүрэг, шүүх, прокурор гээд олон сэдвийг мэтгэлцээний сэдэв болгох нь зүйтэй. Тэгэх цаг нь ирсэн” гэв.
Үнэхээр ч, сая өрнөсөн улс төрийн үйл явдлууд үүнийг нотлон харуулж байна.
Уг нь, “…1992 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар парламентыг улам хүчтэй болгоно” гэсэн логиктой хийсэн 2019, 2023 оны өөрлөлтүүд амьдрал дээр хэрэгжихгүй нь харагдаж байгаа юм.
Мэдээж, үүнд улс төрийн намууд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголын улс төрийн томоохон хоёр намын нэг нь зүүний, нөгөө нь барууны үзэл баримтлалтай гэх авч нэдэр дээрээ үүндээ ач холбогдол өгдөггүй. УИХ-ын сонгуульд өгсөн намуудын амлалт хоорондоо маш өндөр хувьтайгаар нийлж байгаагаас харж болно. Үнэндээ, гишүүд нь ч “…Би баруун уу, зүүн үү” гэдгээ сайн мэдэхгүй байна уу даа гэмээр үйлдлүүдийг гаргадаг.
Сая, Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газар тарахад эрх баригч намын гишүүд дараагийн Засгийн газарт ажиллахаар гүйлдээд эхэлсэн. Тарж буй Засгийн газрын танхимын сайд нар дараагийн Засгийн газарт үлдчих санаатай “панаал” хийцгээж байна. Сөрөг хүчний намууд ч “…Эрх баригч нам урилга ирүүлбэл татгалзахгүй” гэдгээ янз бүрээр илэрхийлж байх жишээтэй. Мөн, АН-д л гэхэд үүгээр далимдуулж намын удирдлагыг гартаа авах өрсөлдөөн фракцууд дунд нь өрнөөд эхэлжээ. Энэ зуурт АН-ын рейтинг МАН-ын дээр гарч, ХҮН намын чадамж хүнд байдалд оров. Энэ утгаараа, улс төрийн намууд төлөвшил гээч зүйлд хүрэхэд ихээхэн хол байгаа юм. Харамсалтай нь, улс төр ингэж бужигнах хэрээр эдийн засаг гадаад дотоод талдаа хүндэрлээ. Бид эндээ “аквариум”-д байгаа учраас сайн мэдрэхгүй байх талтай. Харин гаднаас “…Монгол Улс тогтолцооны хямралд орж байна” гэсэн дүгнэлтийг хийгээд эхэллээ. Тиймээс томоохон хөрөнгө оруулалтууд гацаж, буцаж байгаа зэрэг эдийн засгийн таагүй мэдээллийг өдөр бүр авч байна. Хамгийн гол нь, өнөөгийн улстөрчдөд улс орны энэ байдал хамаа алга.
Тиймээс, эдгээр нь Үндсэн хуульд “косметик засвар” хийх замаар Монголын төр, улс төр засагдахгүй гэдэг дүгнэлтийг үүсгэж байгаа юм.
Шулуухан хэлэхэд, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхэж” байна. Ингэхдээ, “…Парламентын засаглал уу”, эсвэл “…Ерөнхийлөгчийн засаглал уу” гэдгээ сонгох цаг иржээ.
Хэрэв, парламентын засаглалаа улам бат бэх болгох шийдэлтэй байгаа бол сонгдог парламентын загвар руу нэн яаралтай орох хэрэгтэй юм. Улс төр сонирхдог зарим нэг хүн “…Сонгодог парламент гэж юу яриад байгаа юм бэ. Тийм зүйл байдаг юм уу” гэлцэх нь үе үе үзэгдэж л байна. Гэтэл, олон улсад байдаг сонгодог зүй тогтол аж. Нэг үгээр, парламентын эрх мэдлийг дархалсан тогтолцоо юм байна.
Үүнд шилжихийн тулд, УИХ-ыг хоёр танхимтай болгох хэрэгтэй. “…Хоёр танхимтай парламент нэг нэгийгээ хянаж байж хууль тогтоох байгууллага хяналтад орно” гэж үздэг байна. Нэгийг нь можаритор, нөгөөхийг нь пропорцианаль хэлбэрээр байгуулж, тэд эргээд бие биеэ хянадаг. Хууль тогтоох ажиллагаа зөвхөн хууль тогтоох дээр төвлөрдөг. Нэг танхим нь хууль батлахад нөгөө нь түүнийг муу болсон бол буцаадаг, сайн бол батлаад явуулдаг. Улмаар, ард түмэн олонхын суудал өгч, тэр нам дангаараа Засгийн газраа байгуулна. Харин цөөнх нь Засгийн газарт орох гэж улайрахгүйгээр хяналтаа тавьдаг. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог. Ингэж эрүүл саруул тогтолцоо үүсдэг байгаа юм.
Бас нэг зүйл нь, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийг хуваарилахдаа харьцангуй бие даасан тэнцвэртэй, бие биеэ хянах чадвартай байх учиртай. Засгийн газар нь бие даасан, шүүх эрх мэдэл бие даасан, хараат бус байх хэрэгтэй. Гэтэл манай Үндсэн хуульд “…УИХ буюу хууль тогтоох байгууллага бол төрийн эрх барих дээд байгууллага юм” гээд заачихсан. Үндсэн хуульд ингээд “…Дээд” гээд тодорхойлчхоор хууль тогтоох байгууллага нь бүхний дээр юм шиг аашилдаг. Улмаар, УИХ зөвхөн хууль тогтоох биш, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлээд явчихдаг. Энэ нь өнөөдөр Үндсэн хуулийн алдааг бий болгосон. Үүнийг яаралтай засахгүйгээр шударга ёс тогтохгүй гэсэн үг. Тэгэхээр, Үндсэн хуулийн “шинэчилсэн найруулга” шаардлагатай болж байгаа юм.
Түүнчлэн, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох боломж бас бий. Үүнийг хуульд зааснаар, Ард нийтийн санал асуулга явуулж шийдэх шаардлагатай. Гэхдээ, эрдэмтэн, судлаач, гүн ухаантан Ш.Монтескье судлаад “…Эрх мэдэл гэдэг зүйл үнэхээр том агуулгатай. Үүнийг нэг хүн, нэг нам, нэг институци хэрэгжүүлж болохгүй. Тэгвэл хараа хяналтгүйгээр эрх мэдлийг хэрэгжүүлж дарангуйлал үүснэ” гэжээ. Тийм учраас л ард түмний өмнөөс төрийн эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэж гурав хувааж үздэг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД