Монгол Улс авлигын төсөөллийн индексээр таван байр ухарчээ

Нийтэлсэн: Админ 2024-01-31 8:52:00
"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-аас "Авлигын төсөөллийн индекс-2023" тайлангийн үзүүлэлтийг өчигдөр зарлалаа.  Авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо долоон эх сурвалжийг ашигласан бөгөөд манай улс энэ үзүүлэлтээр 33 оноо авч, 180 орноос 121 дүгээр байрт жагсжээ. Ингэснээр өмнөх жилийнхээс таван байр ухарсан үйл явдал болов.

"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнжаргал "Манай улс эрэмбийн хувьд өнгөрсөн оныхоос таван байраар ухарсан байна. Ази номхон далайн бүс нутгийн дундаж оноо 45 бөгөөд 31 орон хамрагддаг. Манай улсын оноо нь бүс нутгийн дунджаас доогуур байгаа. Бүс нутгийн хувьд  иргэдийн 68 хувь нь авлигын төсөөллийн индексийн 50 оноо буюу түүнээс доош түвшинд амьдарч байна. 50 оноог хангалтгүй гэж үздэг. 50-аас доош оноотой улс орнуудын авлигын оноо нь бага гэж үзэж болно. Зүүн европ буюу хуучнаар зөвлөлтийн холбоонд байсан бүрэлдэхүүн байсан улс орнуудын оноотой харьцуулахад манай улс хоёр оноогоор бага байгаа. Хойд болон өмнөд америк тивийн нийт хүн амынх нь 66 хувь нь 50 онооноос бага улс оронд, Сахар болон Африкийн улс орнуудын хүн амын 90 хувь нь 50 оноотой оронд амьдарч байна. 33 оноо гэдэг нь эдийн засаг улс төрийн хамаарлыг харуулахыг зорьсон. Өндөр орлоготой 53 улсын авлигын төсөөллийн индексийн оноо нь 65.Дундаас доогуур орлоготой 50 улсын авлигын төсөөллийн индексийн дундаж оноо нь 33 юм. Монгол Улсын авсан 33 оноо нь энэ ангилалд багтдаг" гэв.

Авлигын индексийг хэмжихдээ

-Улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх

-Төрийн нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх

-Төр засаг нь авлигын эсрэг үр дүнтэй тэмцэж, шударга байдлыг төрийн салбарт хэрэгжүүлж байгаа эсэх

-Авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх

-Авлигыг мэдээлсэн шүгэл үлээгч, сэтгүүлч нарыг хамгаалсан хууль эрх зүйн орчин гэх мэтчилэн асуудлыг хамааруулдаг байна.

Түүнчлэн Э.Мөнжаргал “Иргэний мэдэх эрхийг хангахад ухарсан. УИХ-аас хууль тогтоомж зөрчиж, олон нийтийн хэлэлцүүлэггүй, судалгаагүй хууль баталсан зэрэг үзүүлэлтүүд сөрөг нөлөө үзүүлж байна.  Байр ухарч байгаа нь бусад орны үзүүлэлтийн оноо манай улсын өмнө, хойно орсноос шалтгаалж байгаа. Түүнээс оноо бүхэл утгаар өөрчлөгдөөгүй. Байр ач холбогдолтой зүйл биш. Тиймээс манай улс оноогоо ахиулахад анхаарах хэрэгтэй. Мөн эрсдлийн үнэлгээнд бууралт ажиглагдаагүй. Харин ч ахиц гарлаа. Авлигын гэмт хэрэг илүү нарийн аргачлалтай болсоор байна. Авлигын гэмт хэргийг илрүүлэх арга бий болгохын тулд татварын орлого, зарлага тэнцүү байлгадаг тогтолцоо бүрдүүлэх ёстой" гэв.

ЭРСДЭЛ:

Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй байна.
Түүнчлэн шүүхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилготойгоор шүүн таслах ажиллагааг зохион байгуулж байгаа нь ардчиллын үнэт зүйлс, иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж эрсдэл дагуулсаар байна.
Олон улсын зээл, тусламж, хандив зэргийг хүлээн авахдаа зарцуулалт, гэрээлэгчдийн цаад эцсийн өмчлөгчид, гэрээний ил тод байдлыг хангана хэмээн Монгол Улс амалсан ч хариуцлага алдсан ба төсвийн зарцуулалт хэдий хэмжээний үр өгөөж, хүртээмж бий болгож буйг хэмжих боломжгүй үе дахин давтагдахгүй гэдэгт итгэж, найдаж байна.
Авлигын гол эх үүсвэр нь төрийн алба болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдсэн байна. Уг томилгооноос их хэмжээний, зах зээлийн бус үнэлгээтэй, сонирхлын зөрчилтэй, монополь хэлцлүүд хийгдэж улмаар улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байгааг дахин онцлох шаардлагатай.
Монгол Улсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын компанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгоогүй нь авлигын индексэд сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Төмөрбаатарын БАТСАЙХАН