Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ

Нийтэлсэн: Админ 2026-11-04 11:45:22

“Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун, МУИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнэ нарын хооронд үүссэн нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой иргэний хэргийг Улсын дээд шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд хянан хэлэлцжээ.

Дээд шүүхээс Г.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн мэдээллээ бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй гэж үзсэн байна. Тодруулбал, С.Чулуун нь Г.Мөнх-Эрдэнийн фэйсбүүкт нийтэлсэн мэдээлэл нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэн, уг мэдээллийг няцаалгах шаардлага гаргажээ.

Уг хэргийг анхан шатны шүүх 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд хэлэлцэж, С.Чулууны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн давж заалдах шатны шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Харин Улсын дээд шүүх хяналтын журмаар хэргийг хэлэлцээд, өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, С.Чулууны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Г.Мөнх-Эрдэнэ өөрийн фейсбүүк хуудсанд өмнө нь нийтэлсэн мэдээллээ няцааж, С.Чулууны нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээх үүрэг хүлээж байгаа юм.