Б.Төрболд: RE/MAX брэндээр байр зуучлуулаад 105 сая төгрөгөө залилуулчихаад байна

Нийтэлсэн: Админ 2021-10-27 12:02:00
 

Иргэн Б.Төрболд өнгөрсөн онд байр зуучлуулж авахаар Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX-т ханджээ. Гэвч байхгүй байрыг зуучилж хохироосон асуудлаар бидэнд хандсан юм. Ингээд түүнээс дээрх асуудалтай холбоотойгоор тодруулснаа хүргэе.


-Та хэзээ RE/MAX-т хандсан юм бэ. Асуудлыг эхнээс нь ярьж өгөхгүй юу?

-Би өнгөрсөн оны зургаадугаар сард байр авахаар холбуулсан юм. Тухайн үед Цацрал, Баяраа гэдэг хоёр хүн мэдэхгүй компани руу аваачаад эндээс байр авчих гэсэн юм. Би 105 сая төгрөгөөр үнэлэгдэх долоон машин өгч “Хангарьт сити”-д байр захиалсан. Гэтэл ашиглалтад орох дөхөөд очиж уулзтал миний захиалсан байранд өөр хүмүүс орсон байсан. Улмаар үндсэн захиалагчаас нь тодруулахад “Бест элект” ХХК манайхаас байр захиалсан нэг ч гэрээ байхгүй. Ийм компанийг мэдэхгүй гэсэн. Сүүлдээ байрны захиалга өгсөн “Бест элект” ХХК нь цаасны компани болж таарсан. Ингэж л луйвардуулснаа мэдсэн. Надад байхгүй байрыг RE/MAX-ын хоёр ажилтнаар зуучлуулсан учраас мөнгөө авахаар шаардаад байж байна.

-Дээрх хүмүүсийг RE/MAX-т ажилладаг гэдгийг та яаж батлах юм бэ?

-Баталгаатай. Цахим хуудас нь хүртэл бий. Тэр хоёр хүнтэй байнгын холбоотой байдаг.

-Таны ярианаас зуучлуулсан компани “Хангарьт сити”-д байр үзүүлж, итгүүлсэн болж таарах нь ээ?

-Тийм. “Бест элект” ХХК надад тухайн байр руу аваачиж танилцуулсан. Тухайн байр баригдаж байсан дээр нь борлуулагч нь гээд нэг хүн ийм гээд үзүүлээд байхаар нь анзаараагүй. Дээр нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэж хэлсэн юм. Ер нь RE/MAX-т мөнгө өгөөд зуучлуулж байгаа гол шалтгаан нь найдвартай гэж итгэж байгаа шүү дээ. Гэвч бат найдвартай гэж итгээд яваад байсан чинь бүх зүйл тавилттай “жүжиг” байсан юм байна лээ. Би 105 сая төгрөгөөрөө хохирчихоод байна.

- Та зуучлуулын хөлсөнд хэдэн төгрөг төлсөн бэ?

-Би 2.1 сая төгрөг төлсөн. RE/MAX ямар ч даатгалгүй юм билээ. Зуучлалын компани ямар нэгэн байдлаар алдаа гаргавал даатгалын мөнгөөр нь хохирлоо төлүүлдэг баймаар байгаа юм. Хохиролгүй болоод салчихмаар байв ч даатгалгүй, дээр нь тоодоггүй ч юм байна. "“Бест элект” ХХК-ийн захирлаас чиний мөнгийг нэхэж байгаа" гээд байгаа. Та бүхнийг шалгаад найдвартай газар зуучилдаг гэж найдаад мөнгө төлсөн. Гэтэл хариуцлагагүй байдлаас чинь болоод эд хөрөнгөөрөө хохирчихоод байна гэхээр “Бид ч сая мэдлээ” гэж байгаа юм.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-RE/MAX таныг хохиролгүй болгож өгнө гэсэн болохоор л тэвчээд хүлээгээд байсан. Одоо тэвчээр үнэхээр барагдсан. Хуулийн байгууллагад хандана.

Эх сурвалж 24tsag.mn

 

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх