У.Хүрэлсүх: Айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр даана

Нийтэлсэн: Админ 2020-12-13 16:48:00

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хуралдааны талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:

-Монгол Улсын хувьд олон хүнд нөхцөлтэй тулгарч, эдийн засаг маш хүнд байгаа. Засгийн газар хуралдаж, зарим нэг шийдвэрийг гаргалаа. Өмнө нь улсын түүхэнд гарч байгаагүй шийдвэр:

  • Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээ 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч,  газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа 9-өөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцана.
  • Монгол Улсын бүх айлуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна.
  • 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна.
  • Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл буурууллаа.

 

123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцах юм байна. Ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарах юм байна.

9 САЛБАРЫН ЦАХИЛГААН, УС, ДУЛААН, ХОГНЫ МӨНГИЙГ ТЭГЛЭХГҮЙ

Засгийн газрын шийдвэрийн дагуу цахилгаан, ус, хогны мөнгөний хөнгөлөлтөд дараах 9 салбар төлбөрөөс чөлөөлөгдөхгүй:

  • Төсөвт байгууллага
  • Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
  • Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
  • Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэрүүд.

У.ХҮРЭЛСҮХ: ААН-ҮҮДЭД ТОМООХОН ДЭМЖЛЭГ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙНА

Ерөнхий сайд цааш хэлэхдээ “Байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна. Энэ шийдвэрүүд айл өрх, ААН-үүдэд томоохон дэмжлэг болно гэж бодож байна. Дулаан, цахилгаан, ус, хогны мөнгийг чөлөөлснөөр талхны үнэ нэмэгдэхгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ мөн нэмэгдэхгүй. Харин ч хямдрах ёстой. Эдгээр арга хэмжээ долоон сарын хугацаанд хэрэгжинэ. Жишээ нь 75 мкв байранд амьдардаг, фитнесс ажиллуулдаг иргэний хувьд сардаа 125 мянган төгрөгийг байр, цахилгааны дулаанд төлдөг. Мөн фитнесс клубынхаа цахилгаан, дулаанд 1.2 сая орчим төгрөгийг сард төлдөг. Тэгэхээр тухайн айл сардаа 1.3 сая төгрөгийн хөнгөлөлтийг төрөөс авч байна гэсэн үг. ААН-үүд ажлын байр цомхотгож болохгүйг би хүсч байна. Хүнсний үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болохгүй. Хүнд цаг үеийг хаана хаанаа хохирол багатай хамтдаа даван туулах ёстой. Цар тахлаас салахад 6-8 сарын хугацаа шаардагдана гэж үзэж байгаа. Вакцин орж ирэх хүртэлх хугацаанд ард иргэддээ дэмжлэг үзүүлж байна. Бүтэн сар бүх нийтийн бэлэн байдалд байлаа. Маргааш зарим ААН-үүдийн үйл ажиллагаа эхэлнэ. Дээрх арга хэмжээнүүд айл өрх, ААН-үүдэд  бодит дэмжлэг болно гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна” гэлээ.

Үүгээр мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуулаа.

Шахмал түлшний талаар нэмэлт мэдээлэл өгнө үү?

БОАЖ-ын сайд Д.САРАНГЭРЭЛ:

Өнөөдрийн шийдвэр бол ард иргэд, айл өрх, ААН-үүдээ дэмжсэн төрийн түүхэн шийдвэр байлаа. Сайжруулсан түлшний нэг тонн нь 150 мянган төгрөг байдаг. Энэ үнийг 50 хувиар бууруулаад удаагүй байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 1 тонн шахмал түлшийг 37,500 төгрөг болгож бууруулж байна. Ингэснээр сайжруулсан түлш иргэдэд үнэгүй хүрч байна гэж ойлгож болно. Учир нь тэрхүү 37500 төгрөг нь уутны мөнгө юм. Төрөөс шахмал түлшийг 100 хувь дааж байна.

"ВАКЦИНЫГ ХЭРХЭН ХУРДАН ОРУУЛЖ ИРЭХ ВЭ ГЭДГИЙГ СУДАЛЖ БАЙНА"

-Вакцин худалдаж авах асуудал ямар шатанд яваа вэ. Эхлээд ямар хүмүүст вакциныг хийх үү?

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

Вакцин худалдаж авах ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байгаа. Гурван чиглэлээр ажиллаж байна. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байгаагаас гадна вакцин үйлдвэрлэж эхэлсэн дэлхийн бусад улс орнуудтай мөн вакцин үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоогоод ажиллаж байна. Вакцинд хамгийн эхэнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг мөн архаг хууч өвчтэй хүмүүсийг, онцгой байдал, цагдаа, хил, гааль, мэргэжлийн хяналтынхан зэрэг халдвартай нүүр тулж ажиллаж байгаа ажилтнуудыг вакцуунжуулна.  55-аас дээш ахмадуудыг вакцинжуулна. Мөн эдийн засгийн суурь салбаруудад ажилладаг хүмүүсийг вакинжуулна. Гэрээ хэлцэл одоогоор хийгдэж байна.Мэдээллийг бид ил тод хүргэж байгаа. Нэг л вакцин бүртгэгдээд байгаа. Улс орнууд хэсэгчилсэн байдлаар вакцинцуулалтыг эхэлж байгаа. 2020-2021 оны төсөвт 51 тэрбумыг төгрөгийг вакцин худалдаж авахад төсөвлөсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сангаас гаргах боломж байгаа ч түүндээ гар хүргэхгүй байхаар ажиллаж байна. Вакциныг хэрхэн хурдан оруулж ирэх вэ гэдгийг судалж үзээд Дэлхийн банкны хөтөлбөрт хамрагдах нь цаг хугацааг нааш нь татна гэж үзэж байгаа. Аль болох хурдан богино хугацаанд вакциныг оруулж ирэх нь чухал.

-Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Хичнээн иргэд зээлээ хойшлуулсан байгаа вэ?

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.ДӨЛГӨӨН:

-Нэг сарын хугацааны хөл хориотой холбоотойгоор Төв банк хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэр дундаа ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөллүүд холбогдох шийдвэрүүдээ гарган, Ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэж байна. Нэг сарын хугацаанд нийтдээ 38,8 мянган иргэний 2.1 их наяд төгрөгтэй холбоотой хүсэлт ирсэн. Үүнээс 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлүүдийг шийдсэн. Татгалзсан зээл нэг ч байхгүй, бусад зээлүүд нь судалгааны хэмжээнд явж байгаа. Хариу гараад явна.

-650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр  хэрхэн гаргах вэ?

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ны захирал Х.БАДАМСҮРЭН:

-Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. ТӨҮГ болоод орлогоо нэмэгдүүлэх, техникээ сайжруулах зэрэг ажлыг үе шаттай хийсэн. Эрдэнэт үйлдвэрээ улс төрөөс ангид байлгаж, өөд нь татаад авах юмсан гэсэн чиглэлд Засгийн газар өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Үйл ажиллагааг 2031 он хүртэл хөгжүүлэх бичиг баримтыг батлуулсан. Энэ чиглэлийн дагуу бид ажиллаж байна. Үйлдвэрийн зардлаа татах ямар боломж байгааг судална.  Энэ нэмэлт санхүүжилтийг гаргахын тулд бид тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудаа царцана.  Нөгөө талаар 2021 оны төсөв төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар хэлэлцүүлнэ. Цар тахлын энэ үед Эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан.  Олон улсын арбитрын шүүхээр хэлэлцсэн Казахстаны компаниас авах 20 сая ам.долларыг 2019 онд авч чадсан. Мөн 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан. Өнөөдрийн шийдвэрийг “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” зарчмаар шийдвэр гаргалаа. 100 төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр энэ хэцүү цаг үед үүргээ хэрэгжүүлнэ. Ард иргэд, ААН-үүддээ боломж олгохын төлөө манай хамт олон бүх хүчээ дайлчлан ажиллана. Сангийн яамнаас гаргаж өгөх хуваарь графикийн дагуу төлбөрийг хийнэ.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Засгийн газар талархаж байгаа. 2019 онд улсад  933 тэрбум төгрөгийн татвар төлсөн. 2020 онд 1 их наядыг давсан татвар улсад төлсөн. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээ Монголын ард түмэн төрдөө авсан шийдвэрийн үр дүн. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргана. Энэ бол үндсэндээ 1.5 жил ажиллах ашгийн мөнгө. 42 жил ажилласан үйлдвэр маань цар тахлыг даван туулахад оруулж буй хөрөнгө оруулалт. 

Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:

-Засгийн газар сүүлийн жилүүдэд улс орныхоо алдагдсан өмч хөрөнгийг олж авч байгаа. Эрдэнэт үйлдвэр, Багануур, Бор-Өндөр, Салхит, Асгат, Ноён-Уул, Тост тосон бумбын орд, Гутайн даваа гээд бүгд алдагдсан байсан. Энэ бүгдийг бид улсдаа эргүүлэн авч байгаа. Аж үйлдвэрийн газрууд, ашигт малтмалтай байгалийн баялгуудаа эргүүлэн авахын тулд нэлээдгүй ажил хийж байгааг та бүхэн харж байгаа. Маш том тэмцэл хийж авч байна. Цаашдаа ч төрийн мэдэлд авах ёстой олон уул уурхайн орд газрууд бий. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг бид сайн хийсэн. Би нэг л зүйл, нэл зарчмыг хэлнэ. Төрийг хохироосон хэн ч  төрийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Энэ дээр хэн нэгэн хүнийг хамгаалсан, хаацайлсан зүйл байж таарахгүй. Сонин хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гардаг. Улсыг хохироосон бол тэр хохирлоо төлөх ёстой. Хууль шүүхийн байгууллага шийдвэр гаргаад гэм буруутайг нь тогтоогоод хохирол учруулсан түүнийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан бол түүнийгээ зайлшгүй төлөх ёстой. Энэ бол шударга ёсны зарчим. Монгол Улсын Засгийн газар болон Засгийн газрын тэргүүн шүүх прокурортой харьцах эрх мэдэл байдаггүй ард иргэд, хэвлэлийнхэн ойлгох хэрэгтэй. Ерөнхий сайдад хариуцах хэдхэн байгууллага байдгийг мэдэж байгаа. Шүүх, прокурор бол бие даасан байгууллага. Тэнд хүний гэм буруутай эсэхийг тогтоодог. Тиймээс зарим нэг зүйл дээр улс төр хийсэн өнгө аястай мэдээ мэдээлэл гардаг юм байна лээ. Тийм зүйл байхгүй. Төрийн хууль цааз хэрэгжих ёстой газраа хэрэгжиж, бид биелүүлэх ёстой. Монголын төрөөс хулгай хийсэн хэн ч авснаа, алдсан зүйлийг буцааж төлөх ёстой. Энэ байр суурин дээр Ерөнхий сайд хатуу зогсоно. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгаж эхэлж байгаа. Ард түмний баялгаас авсан мөнгө хаашаа орж байгааг шалгаж байгаа. Шилэн, ил тод байхыг анхааруулж байгаа.

"ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ БОЛОХ БҮХ ЗАРДЛЫГ ТЭВЧИЖ, ШААРДЛАГАГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУДЫГ ТАНАХ ЧИГЛЭЛ ӨГСӨН"

-Төрийн өмчит үйлдвэрүүдийн газрын тансаглал, зардал өндөр байна, худалдан авалт  нь өндөр гэсэн шүүмжлэл байнга гардаг. Цаашид эдийн засаг хүндэрвэл Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой компани шиг бусад төрийн өмчит үйлдвэрүүд эдийн засгийн дэмжлэгт хэр оролцох вэ?

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.ЦЭНГЭЛ:

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудад нэгдсэн дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан. Хоёрт, тэвчиж болох бүх зардлыг тэвчиж, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танах чиглэлд үүрэг чиглэл өгсөн. Зорилтот түвшинг ашигтай байхаар төлөвлөж байгаа. МИАТ ирэх онд 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоо гарсан. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Засгийн газар Онцгой дэглэм тогтоосны үр дүнд Сингапурын компанид шилжих гэж байсныг таслан зогсоосон.  2016 онд улсад 184 тэрбум төгрөгийг, 2019 онд 963 тэрбум төгрөгийг улсад тушаасан. Харин энэ онд “Эрдэнэт” үйлдвэрийн улсын төсөвт оруулах нийт орлого үйлдвэрийн 42 жилийн түүхэнд анх удаа 1 их наяд төгрөг давж байна. Зэсийн үнэ өнгөрсөн хугацаанд өсөөгүйг хэлэх нь зөв болов уу.Үйлдвэрийн 49 хувийг  эзэмшигч тал ирэх оны долдугаар сард Арбитрын шүүхэд хандахаар зэхэж байгаа тухай мэдээллийг бид авсан.Эрдэнэтэй үйлдвэрийн удирдлагуудад тансаглал гарсан нь үнэн. Өндөр үнийн дүн бүхий худалдан авалтын дараа Засгийн гараас хоёр ч удаа хатуу сануулга өгсөн. Амжилтандаа эрдсэн ийм асуудал гарсан. Дахин захирлууд тансаглавал ажлаас нь халах хүртэл арга хэмжээг авна гэдгийг Ерөнхий сайд танилцуулсан. Төрийн өмчит бусд үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулах чиглэлийг өгсөн. Энэ сард ажлын хэсгийн танилцуулга хийгдэнэ. Алдаа гаргасан дүгнэлт гарвал хариуцлага тооцно. Иргэдийн шүүмжлэл ч үнэний ортой. Эрдэнэт үйлдвэр цар тахлын хүндрэлийг тооцоолоогүй ч үйлдвэрийн  хүчин чадалтай болж, улсын төсвийн ачааллаас хуваалцаж байна. Үйлдвэрийн хамт олон сайн ажиллаж нийгмийн хариуцлагаа хүлээж байна гэж ойлгож болно. 

"ХАЛДВАРЫН ГОЛОМТТОЙ ГАЗРААС ИРЖ БАЙГАА ХҮМҮҮС ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ"

Хөл хориог сулруулсантай холбоотойгоор маргаашаас эхлэн хот хоорондын хөдөлгөөнийг нээх үү?

-Халдварын тархалт бидний санааг зовоож байгаа. Тиймээс ЭМЯ-наас оруулж ирсэн зөвлөмжийг үндэслээд  арванхоёрдугаар сарын 24-н хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй. Улаанбаатар хот руу дураараа орж, гарахгүй. Халдваргүй аймгаас орж ирж байгаа иргэд асуумжаа бөглөөд орж ирнэ. Халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн шинжилгээ өгч орж ирж байгаа.