МҮХАҮТ-ын 60 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-25 12:14:08
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. "Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй түүхэн ойд зориулсан баярын хурал болон фото зургийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно. Амаргүй олон сорилтыг давж одоогийн түвшинд хүрсэн хувийн хэвшил улс орны нийгэм, эдийн засгийн тулах багана. Баялаг бүтээгчид 1.1 сая хүнийг ажлын байраар хангаж, улсын төсвийн орлогын 80 хувийг дангаар бүрдүүлж, дотоодын эдийн засагт хөдөлгөгч хүч нь болж байна.
Хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бүрдүүлж, ажилтай, орлоготой монгол хүний амьдралын баталгаа, эдийн засаг өсөх, улс орны хөгжил урагшлах гол хөшүүрэг юм. Дэлхийн улс орнуудын хөгжлийн нууц хувийн хэвшлийн манлайлал, бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын таатай орчинд оршдог. Зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 онтой харьцуулахад манай улсын ДНБ-ий хэмжээ өнөөдөр 12 дахин өсжээ. Энэхүү өсөлтийн үр шимийг өрх бүрт хүргэх, хүртээх нь төр засгийн хийх ёстой ажил юм.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийн өнөөдрийн хүндрэлийг төр, хувийн хэвшил хамтарч байж л даван туулна. Тиймээс итгэлцэл, ойлголцол чухал. Шинэ жараны үүд нээгдэж байна. Монголын бизнесийн орчны түүхийг бичиж ирсэн үе үеийн удирдлага, баг, хамт олон, хувийн хэвшлийнхэн, төр засаг, бид бүхэнтэй хамтран ажиллаж буй бүхий л дотоод, гадаадын байгууллага, түнш, гишүүддээ 60 жилийн ойн мэнд хүргэе. Өнөөдрийн хүрсэн ололт, амжилтын эзэд бол хувийн хэвшлийнхэн. Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том ажил олгогч нь баялаг бүтээгчид буюу бизнес эрхлэгчид байна. Улс орны ачааны хүндийг энэ хүмүүс үүрч яваа. Цаашид гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бус экспортыг төрөлжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү сайжруулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах нь бидний ойрын зорилт” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Төр, хувийн хэвшлийн дунд гүүр болж ирсэн Танхим эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болжээ. Төр засгийн бодлого шийдвэрт хамгийн нөлөө бүхий зөвлөх, сануулах, сайжруулах, бизнесийн нэгдмэл эрх ашгийг хамгаалах хүчтэй дуу хоолой, судалгааны томоохон төв, чөлөөт зах зээлийн манаач болон үйл ажиллагаа нь өргөжиж, олон улсад ч тэр хэрээр манай улсын Танхим танигдаж, нэр нөлөөтэй болж чадсан байна.
МҮХАҮТ-ын даргаар 1997-2014 он хүртэл буюу хамгийн олон жил ажиллаж, тус байгууллагыг өнөөдрийн түвшинд хүргэхэд голлох үүрэг, оролцоотой байсан хүмүүсийн нэг болох С.Дэмбэрэл “Монголын хувийн хэвшил дэлхийн хандлагаас хоцроогүй, зарим тохиолдолд манлайлагч болж байсан. Танхим бол ирээдүй рүү үргэлж тэмүүлж, түрүүлээд дэвшин хөгжөөд явах ёстой институци. Энэхүү буухиаг цааш нь үргэлжлүүлж байгаа үе үеийн Танхимын удирдлагууд сайн ажиллаж байгаа. Төрийг засахад чиглэсэн ажлын нэг нь бодлогын өмгөөлөл. Тийм учраас төр, хувийн хэвшлийн харилцааг урамшуулж байдаг бүтэц цаашдаа улам бүр хэрэг болно. Төрд хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэж, төрийн эдийн засаг дахь оролцоог тогтвортой байлгахын тулд хажуунаас нь хэлж сануулж байх байгууллага нь Танхим” хэмээн тодотгов.