Хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах аянд нэгдэхийг уриалж байна

Нийтэлсэн: Админ 2019-11-29 12:43:00
 

 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аян  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлсэн билээ. Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой юм.

НҮБХАС, ҮСХ-ны хамтран зохион байгуулсан ЖСХ-ийн Үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан болохыг харуулсан байдаг. Мөн Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна. Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулсан юм.

Иймд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуй нэгжүүд та бүхнийг эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн эрхийг хүндэлж, хамгаалсан хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах аянд нэгдэхийг уриалж байна.