Оросын шигшээ баг “Adidas”-ын шинэ загварын өмсгөлтэй тоглохоос татгалзжээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-13 15:16:00

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг ивээн тэтгэгч “Adidas” компанийн зохион бүтээсэн шинэ загварын өмсгөлтэй тоглохоос татгалзсан тухай “Спорт Экспресс” сонинд мэдээлжээ. “Adidas” компани Оросын шигшээ багийн “Евро 2020”-д өмсөх шинэ загварын өмсгөлийг өнгөрсөн долоо хоногт Москвад сүртэй нь аргагүй танилцуулсан билээ. Гэвч Оросын шигшээ багийнхан “Евро 2020”-ийн урьдчилсан шатны Бельги, Сан Мариногийн эсрэг хийх сүүлийн хоёр тоглолтод шинэ өмсгөлтэй тоглохгүй гэсэн аж. Оросын хөлбөмбөгчид богино цамцны ханцуйд улсынх нь төрийн далбааг урвуу харуулснаас гадна өмсгөлийн чанар шаардлага хангаагүй гэж шүүмжилжээ. Үүний дараа Оросын Хөлбөмбөгийн холбоо тус улсын шигшээ баг урьдчилсан шатны үлдсэн хоёр тоглолтод хуучин загварын өмсгөлтэйгөө талбайд гарна гэж мэдэгдэхэд хүрсэн байна. “Adidas” богино хугацаанд алдаагаа засахгүй бол ОХУ-ын шигшээ баг тус брэндтэй гэрээгээ цуцлан өрсөлдөгч компаниудын аль нэгтэй нь хамтран ажиллах төлөвтэй.