МАН-ын хагарал АН-д халдах уу?
Өдийг бодоход намраар болсон МАН-ын даргын сонгууль энэ намыг хоёр хуваасан. Лав УИХ дахь МАН-ын бүлэг нь хоёр хуваагдаад нэг нь АН-тай, нөгөө нь “Үндэсний эвсэл”-тэй тал болсон нь ил тодорхой боллоо. Тэр бүү хэл, УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай болчихсон. Уг нь, УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн зун засаг солигдсоны дараа Бүлгийн дарга болсон.
Гэтэл саяхан “...УИХ-ын гишүүн Ж.Батжаргал МАН-ын бүлгийн дарга боллоо” гээд гараад ирсэн. Сүүлд УИХ-ын чуулганыг удирдсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “...МАН хоёр бүлгийнхээ учрыг олоорой” хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэн. Эндээс харахад, МАН бүлгийн асуудал анзаарахгүй байж болохооргүй нөхцөлд орсон бололтой юм.
Ер нь бол, МАН-ын 68 гишүүнтэй бүлэг ойролцоо тоотойгоор хоёр хуваагдсан. Тэгэхээр, УИХ-д үнэмлэхүй олонхтой бүлэг байхгүйтэй адил юм. Харин УИХ дахь АН-ын бүлэг тэднийхээс том болчихсон. АН ч үүнийгээ мэдэрчихсэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр бие биеэ “...Огцор” гэж байх үед УИХ дахь АН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаснаа зарласан. АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Ойрын өдрүүдэд ил гарч байгаа эрх баригчдын дотоод зөрчил тэмцлийн талаар манай бүлэг өнөөдрийн хурлаараа ярилцсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг баасан гарагт хэлэлцэж дуусна. Тэгэхээр цаг хугацааны хувьд өнөө, маргаашдаа шийдэгдэхгүй болов уу. Тиймээс тодорхой гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах асуудыг хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Магадгүй нэг өдөр, нэг дор хэлэлцэх ёстой. Энэ хоёр албан тушаалтны асуудал биш. Үндсэн хуулийн, засаглал хоорондын зөрчлийн асуудал болж хувирсан. Намын дотоод зөрчил байсан асуудал төрийн асуудал болсон. Тэгэхээр яаралтай шийдэхгүй бол төрөөс том улс орны асуудал болж хувирах вий. Ингэхэд ганц алхам л дутуу байна шүү. Засаглалын хямрал болох эрсдэлтэй учраас энэ асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой.
Хоёрдугаарт, АН-ын бүлэг нэгдсэн хуралдааныг хүртэл байр сууриа зарлахгүй. Тэр хүртэл гишүүд тодорхой хэмжээний итгэл үнэмшлээрээ асуудалд хандаад явж болно. Тэр үед АН-ын нэгдсэн байр суурь гарч олон нийтэд мэдээлнэ. Гуравдугаарт, эрх баригч тал хуваагдаад байна. Тиймээс чуулганы хуралдааныг цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга даргалах ёстой гэсэн байр суурьд нэгдсэн” гэсэн юм. Түүнээс хойш “...Цэц хуралдаж Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн дүгнэсэн. Ингэснээр Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Гэхдээ МАН-ынхан нэг талдаа гараагүй байна. Сөрж байгаа хэсэг нь “...Цэцийн дүгнэлтийн дараа АН-ынхны дэмжлэгээр Засгийн газар буцаад ажиллаж эхэллээ. Гэхдээ АН-аас улс төрийн шийдвэр гарсан. Тэр нь үргэлжлэх үү, зогсох уу гэдгийг харж байна” гэцгээж байна.
Нөгөөтэйгүүр, АН-д ч мөн дээрх асуудлаар хоёр өөр байр суурийн зөрчил гараад эхэлжээ. Нэг хэсэг нь “...Улс төрийн шийдвэрээ хэрэгжүүлье. Дахин санал хураая, эсвэл дахиаад гарын үсэг цуглуулъя”, нөгөө хэсэг нь “...Засагт орохгүйгээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг УИХ-ын дарга болгоё” гэж буй юм байна. Өөрөөр хэлбэл, МАН ч яах вэ, хагардгаа хагараад туйлдаа хүрсэн. Цаашид хэрхэхийг хөндлөнгийн хүмүүс байтугай өөрсдөө ч мэдэхгүй болсон. Харин “...МАН-ын энэ хагарал АН-д халдах вий” гэсэн болгоомжлол тус намын хашир улстөрчдийн дунд нэлээд яригдаж байна. Нээрэн л, ирэх хэдхэн сард л ухаалаг улс төр хийхэд АН-д Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуулийн ялалт ойрхон л харагдаад байгаа даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД




