
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын Ховдоос хуссан 59,9 тэрбумын тендерийн баримт!
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Ховд хотынхоо гэр хороололд цэвэр, бохирын шугам сүлжээ тавина”, “Ховд хотын иргэдийнхээ ундны цэвэр усны хоёр дахь эх үүсвэрийг байгуулна” гэх хоёр амлалт өгч УИХ-ын гишүүнээрээ улирсан.
Гэтэл Ховд хотын гэр хороололд цэвэр, бохирын шугам сүлжээ тавих болон Ховд хотын ундны цэвэр усны хоёр дахь эх үүсвэрийг байгуулах ажилд зориулж улсын төсөвт суулгасан 59.9 тэрбум төгрөгийг С.Бямбацогт өөрөө авчихжээ.
Тодруулбал,
- “Ховд хотын гэр хороололд цэвэр, бохир усны шугам, сүлжээ тавих 1-р ээлжийн ажил”-ын 9.3 тэрбум төгрөгийн тендерт “Ховдын өргөө” ХХК шалгарсан байна.
- “Ховд хотын гэр хороололд цэвэр, бохир усны шугам, сүлжээ тавих 2-р ээлжийн ажил”-ын 12.6 тэрбум төгрөгийн тендерт мөн л “Ховдын өргөө” ХХК шалгарчээ.


Үүгээр зогсохгүй “Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах ажил”-ын 38.0 тэрбум төгрөгийн тендерт өнөөх л “Ховдын өргөө” ХХК шалгарсан нь тодорхой.
Хамгийн сүүлд шалгарсан буюу 38.0 тэрбум төгрөгийн “Ховд хотын ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах ажил”-ын гэрээг өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд байгуулсан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, “Ховдын өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганзориг хоёр гарын үсэг зурж гэрээг баталгаажуулжээ.


Ховд хотын гэр хороололд цэвэр, бохир усны шугам сүлжээ тавих, Ундны усны шинэ эх үүсвэр байгуулах нийт 59.9 тэрбум төгрөгийн гурван тендерт дархан эрхтэйгээр ганцаараа шалгарсан “Ховдын өргөө” ХХК-ийг Нью Прогресс ХХК эзэмшиж байсан байна. Харин “Ховдын өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар С.Бямбацогтын нагац ах бөгөөд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Маамуугийн Ганзориг ажилладаг.
Харин Нью Прогресс групп ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь С.Бямбацогтын том хүү Б.Билгүүн юм.
Дэндүү ойлгомжтой биш гэж үү?!