
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
13 жилийн өмнө... Ардчилсан нам олонх болж, одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд болж байлаа. Гэвч түүний тэргүүлсэн "Шинэчлэлийн Засгийн газар" хоёр жил, гурван сарын л настай байсан юм. Улмаар Н.Алтанхуягийн Засгийн газар унаснаас хойшхи жилүүдэд Ардчилсан нам дахин олонх болсон удаагүй, зогсолтгүй уруудсан.
Үүнийг Ардчилсан нам гурван сонгууль дараалан цөөнхийн цөөнх болсоор ирсэн түүхээс харж болно. Харин сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, 126 гишүүнтэй шинэ парламентын үе эхэлсний хүчинд сая нэг суудлын тоогоо нэмсэн юм. Өдгөө Монгол ардын нам Ардчилсан намын араас орж, 2028 оны сонгуульд уруудах шатан дээр зогсох бололтой.
Хамгийн сайн ажилласан Засгийн газар гэх тодорхойлолт үлдсэн нь ч ортой. Тэр үед Засгийн газар иргэдэд нээлттэй болж, сар бүр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн саналыг шууд сонсох төвийг хүртэл байгуулж байв. Ингээд зогсоогүй Төрийн ордон иргэдэд нээлттэй болсон нь монгол хүний бахархлыг сэрээх ажил байжээ. Түүнчлэн төрийн албаны хүнд суртлыг үгүй хийхийг зорьж байлаа. Нийслэлийн иргэдэд нүүрсийг хямд үнээр хүргэхийг зорьж, нэг портер багануурын нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан борлуулах болов. Гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд анхны төсвийг УИХ-аар батлуулсан нь онцлох үйл явдал байжээ. Улмаар Засгийн газар Монголбанктай уялдаатай ажилласан нь тэр үе. Цаашилбал, бонд гаргасан гээд л тоочих юм мөн их. Халамжийг хавтгайруулахгүйгээр зорилтот бүлэгт хүргэхийг ч тэд зорьж байсан гэдэг. Тухайн үед аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбох ажил яригдаж, монгол хүнд чиглэсэн бодлогууд гараанаас гарч байжээ. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын үед инфляцын сар бүрийн дундаж түвшин 12.70 хувьтай байсан судалгаа бий. Тэднийг Засгийн эрхэнд гарах цагт эдийн засаг ч тийм сэргэн мандсан байгаагүй юм.
Одоо... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хамгийн удаан тогтносон нь болоод байв. Гэвч 2024 оны сонгуулийн дараа МАН олонх болдгоороо болж, ялгаатай нь "Хамтарсан" Засгийн газар байгуулсан юм. Харин өнөөдөр гагц Ерөнхий сайд бус МАН, АН, ХҮН-ий хамтрал эсэргүүцэлтэй тулгараад байна. Манай улсад бодлогын залгамж халаа үргэлжилж үр дүнд хүрдэг нь тийм ч элбэг жишээ биш. Ерөнхий сайдыг огцруулахаар Төв талбайд "огцрох амархан" жагсаал үргэлжилсээр байгаа. Чухамдаа бол Ерөнхий сайдыг огцруулаад зогсохгүй, энэ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хөмөрнө гэсэн үг. Засгийн газрын тэргүүн солигдох нэг асуудал, танхим бүрэлдэхүүнээрээ огцрох нэг өөр асуудал.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед томоохон төслүүд гацаанаас гарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татах алхмуудыг хийж, эдийн засгийн өсөлтийн бодитой үр дүнд хүрэхээр зүтгэсэн нь тодорхой харагдахаар ч шиг. Олон хилийн боомт төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж, Үндэсний баялагийн сан "амь" орж, стратегийн ордуудыг төрд авах их ажлын эхлэл тавигдаад байхын даваан дээр "давааны цаана даваа" тулгарч байна гэж харагдахаар.
Ерөнхий сайдыг л огцруулаад өнгөрчихдөг бол бодлого гацаанд ордоггүй бол өөр хэрэг. АН-ын 13 жилийн өмнөх замаар орвол ямар ирээдүй хүлээж байгааг тэднээс бэлхэн харж болохоор л доо. Бүсчилсэн хөгжил, удаан жил хөдөлгөөнгүй байсан эдийн засгийн өөрчлөлтийг авчрахуйц мега төслүүд нь бодлогын шинэчлэл гэхэд худал болох зүйл үү, бодох л. Харин Ерөнхий сайд үнэхээр орлогоо нотолж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдвол хариуцлагаас мултарч чадахгүй нь бас л үнэн.
Эх сурвалж: 24tsag.mn А.Сүх