УДШ-ийн танхимын тэргүүнийг өнөөдөр сонгоно

Нийтэлсэн: Админ 2021-03-05 10:48:40

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2021.03.05/ хуралдахаар товлогдсон байна. Уг зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний дэгийг батлах, Улсын дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын төсөл хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг сонгох юм.

Шүүхийн багц хууль хэрэгжиж эхэлсний дагуу нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид өчигдөр /2021.03.04/  бие даан хуралдаж, ерөнхий шүүгч нараа сонгосон юм. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нар сонгогдсон байна.

Мөн дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг томилсон.

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Одонтуул
  • Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу,
  • Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Дашдондов,
  • Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Батболор,
  • Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,
  • Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Халиун нар тус тус сонгогдов.