Д.Нямхүү: Долоон хүнээс нэмж covid-19 илэрлээ

Нийтэлсэн: Админ 2020-06-22 13:14:10

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 216 оронд шинэ коронавирус тархсанаас халдвар авагсдын тоо 9 саяд хүрчээ.


Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: 

Долоон хүнээс нэмж шинэ коронавирус илэрсэн. Тэдний дотор хүүхдүүд байгаа.  Тодруулбал, ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.21/ 359 хүнд шинжилгээ хийхэд 352 хүнд вирус илрээгүй. Харин долоон хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь Нурсултан Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ, Сөүл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн нэг жолооч байлаа.  Насны хувьд 6, 11, 12, 29, 38, 39, 63 насны хүмүүс байна. Мөн зургаан эрэгтэй, нэг эмэгтэй хүнд илэрсэн байна.

Мөн өнөөдөр /2020.6.22/ долоон хүн  эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжиж байна. Эдгээр хүний хоёр нь жирэмсэн эмэгтэй, гурав нь оюутан. Насны хувьд 19-45 насны хүн байна. Нийт халдвар 213 боллоо. Халдвартай хүний 153 нь эдгэж, 60 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 53 нь хөнгөн, долоон хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19 халдвар дэлхийн 216 орон бүс нутагт бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол есөн сая 31 мянга, нас баралт 469 мянгад хүрсэн байна. Өвчлөлийн хурд маш эрчимтэй байна. Сүүлийн 24 цагийн дотор 122 мянган хүн халдвараар өвчилж 3000 гаруй хүн нас барсан байна. Пакистанд 24 цагийн дотор өвчлөл 5000- аар нэмэгдсэн. БНХАУ-ын Шиньфади захтай холбоотой халдвар 220 гаруйд хүрсэн. ОХУ-д 7728 хүн шинээр халдвар авч 109 хүн нас барсан байна.

Монгол Улсын хувьд 2183 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүсийн 15 нь хүүхэд, 46 нь жирэмсэн эмэгтэй, 26 их эмч 58 резидент эмч үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 119 дугаарын утсанд 120 дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авлаа. Шведэд хүнд байсан монгол эмэгтэйн биеийн байдал дээрдэж байгаа гэсэн таатай мэдээ байна.

ДЭМБ-ын халдвар өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

Дэлхийн хэмжээнд нийт хүн амын 22 хувь буюу 1.7 тэрбум хүн архаг суурь өвчтэй байдаг. Хоёр сарын дараа томуугийн улирал эхлэх гэж байгаатай холбоотойгоор томуугийн бэлэн байдлыг хангахыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулж байгаа.