Хүсэл: “126:1”, Хясал: Том тойрог

Нийтэлсэн: Админ 2024-01-03 8:26:58

Үндсэн хууль, бусад холбогдох хуульд өнгөрсөн жил өөрчлөлтүүдийг оруулсан. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар болгосон. Хаврын чуулганаар ингэж шийдсэн. Тэдний 78 нь тойрогт өрсөлдөж сонгогдоно. Энэ нь улстөрчдийн итгэлийг сэргээж, улс төрд “сонирхолтой” хүмүүсийн хүслийг бадраасан. Хуулийн өөрчлөлтийн маргаашаас л намуудаар эргэлдэж, нутгаа бараадсан хүн олон. Мөн дээрх өөрчлөлтөөр 48 нь намын жагсаалтаар гарч ирнэ.

Энэ бас л улс төрд удсан хүмүүст боломж болж харагдсан. Тиймээс жагсаалтыг онилсон улстөрчид ч чихэлдээд эхэлсэн. Харин хэдхэн хоногийн өмнө, шинэ оны бараг босгон дээр УИХ-аас “…Сонгууль том тойргоор явна” гэсэн шийдвэр гарав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2024 оны сонгуулиас эхлээд аймгуудад долоо, нийслэлд зургаа, нийт 13 том тойрогтой болж байна. Орон нутагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог. Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургаадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долоодугаар тойрог болно. Нийслэлд Баянзүрх дүүрэг Наймдугаар тойрог, Баянгол дүүрэг Есдүгээр тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд Аравдугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэг Арваннэгдүгээр тойрог, Хан-Уул дүүрэг Арванхоёрдугаар тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд Арвангуравдугаар тойрог болж байна. Том тойргийг санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хаврын чуулганд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулахдаа “…УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа” гэж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар ч том тойргийг баталсны дараа “…Нэг нам, хувь хүнийхээс илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинэчлэлийн эхлэл болсон шийдвэр” гэж тодорхойлсон. Аль аль нь үнэн. Тиймдээ ч өнөөдөр Монголд хэрэгжсэн том төсөл бараг алга. Гацаанд байгаа атлаа гаднын зээл, тусламжийн хөрөнгөөр нэгжийнх нь аппаратууд цалинждаг түмэн төсөл бий.

Шулуухан хэлэхэд, өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүд төсөв хийгээд төслийн хөрөнгөөр тойргуудынхаа сургууль, Соёлын төвийн дээврийн будаж шунхдаж, засаж янзалж л ирсэн шүү. Одоо өөрчлөгдөнө. Гэхдээ том тойргийг шүүмжлэх хандлагууд байна. Гэвч тэдгээр нь “…2024 онд нэр дэвшинэ” гээд урьдныхаар аль нэг аймгийн хэдэн сумыг хамарсан жижиг тойрог “усалж” явсан хүмүүсээс гарч байна.

Аймаг, дүүргүүдийг ингээд бүсчлээд том тойрог болгочихоор тийм хүмүүс “шатчихаж” байгаа хэрэг л дээ. Ууртай, бухимдалтай явах хүн олон л байна. Тэдний тухайд “…Хүсэхэд хясна” гэдэг шиг л явдал болов. Энэ утгаараа, том тойрог нь сонгуульд санаархаж  явсан олон хүнд том цохилт өгөх шиг боллоо. Ер нь тэгээд гурван аймгаас, бүтэн дүүргээс олон санал авч чадахгүй байж “…УИХ-ын гишүүн болно” гэж гүйх нь утгагүй хэрэг л дээ. Тэгэхгүй бол “..УИХ-ын гишүүн гэж хэн бэ” гэдгийн утга ч өнгөрсөн сонгуулиудад алдагдсаар ирсэн. УИХ хөдөөд хэдхэн сум, хотод мөн тэр дайны хорооноос сонгогддог гишүүдтэй болсон. Тэгж сонгогдсон гишүүд УИХ-д орж суугаад улс орны хэмжээний асуудал ярих чадал нь хүрдэггүй. Ярихаараа хувийн, эсвэл сум, хорооны эрх ашиг хэлдэг. Одоогийн УИХ-д ч ийм “ангилал”-д орох гишүүн цөөнгүй бий. УИХ шүү дээ, уг нь. Тиймээс “…Том тойрог том эрх ашгийг л төлөөлдөг гишүүдтэй болох замыг засна” гэж ойлгож болох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР