Нүүрсний хулгайг “гол дүрүүд”-гүй сонсох уу?!

Нийтэлсэн: Админ 2023-11-28 8:55:00
Арав гаруй жил үргэлжилсэн нүүрсний хулгай өнгөрсөн жилийн өдийд л төрийн ч, иргэдийн ч анхааралд орж ирсэн. Маш их хэмжээний мөнгөний “сан”-тай далд эдийн засаг байжээ. Нүүрсний хулгайн ганц нэгхэн “салбар” зогсоход л мэдрэгдэж байх жишээтэй.
 
Тэндээс “...2023 оны төсөвт хоёр их наяд нэмэгдсэн” гэхээр зах зухаасаа ойлгогдож байгаа юм. АТГ-аас нүүрсний хулгайн хэргийг таван үндсэн чиглэлээр шалгаж байгаагаа жилийн өмнө мэдээлж байв. Тэдгээрт нь “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал”, “...Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг гэх асуудал”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилт холбоотой асуудлууд” багтсан байгаа юм.

Улмаар АТГ-аас өнгөрсөн долоо хоногт “...Нүүрсний хулгайтай холбоотой гэх хэргийн 85 хувийг шүүхэд шилжүүлсэн” гэж мэдэгдэв. Тэгвэл энэ том хулгайтай холбоотойгоор УИХ-аас хяналтын сонсгол явуулах гээд бас л бараг бүтэн жил үзэж байна. Сая л нэг сураг нь дуулдав. Ирэх долоо хоногт товлогджээ. Гэхдээ энэ хулгайн “гол дүрүүд” эзгүй байх шинжтэй болоод явчихав. Ер нь бол эрх баригчид нүүрсний хулгайн сонсголыг маш зохион байгуулах шаардлагатай. Нийгмийн хүлээлт, шахалт давхар үүсчихсэн. Хэрвээ сонсголыг сулхан хийвэл сонгуульд нь ч нөлөөлөх аюултай юм.

Б.ДАМДИН-ОЧИР