“Авлигын шүүх”-тэй болчихвол алдах уу, онох уу?!

Нийтэлсэн: Админ 2023-11-24 8:28:19

“...Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүхтэй болно” гэсэн хуулийн төслийг уржигдар Засгийн газраас УИХ-д өргөн барив. Энэ зохицуулалт Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтжээ. Үүнийг  нэн яаралтай горимоор хэлэлцэх юм байна.

“Авлигын шүүх”-ийн асуудал тодорхой хэмжээгээр нийтийн анхаарлыг татаж байна. Өөрөөр хэлбэл, “...Ийм шүүхтэй болох нь зөв үү, буруу юу”, “...Авлигын шүүх байгуулчихвал алдах уу, онох уу” гэдэг асуулт тавигдана. “Тоо толгой” нь өдрөөс өдөрт тамтаггүй нэмэгдэж буй авлига, албан тушаалын хэргүүдийн шийдвэрлэлттэй холбоотой “санал гомдол” тасрахгүй л байна. Олон бий. Тэр дундаас “... Авлигын хэргүүд шүүх дээр уддаг” гэсэн шүүмжлэл зонхилдог. Тэгээд ч энэ долоо хоногийн эхний өдөр АТГ-аас мэдээлэл хийж “...Авлигын том хэргүүдийн дийлэнхийг шүүхэд шилжүүлсэн” гэж зарлав.

Түүнчлэн авлигын хэргийн шийдвэрлэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байнга шүүмжилдэг. Уржигдар Засгийн газрын хуралдаан дээр ч шүүхийн талаар дуугүй байгаагүй л байна лээ.

Мөн улс төрийн зарим нам өчигдөр “...Хонгил бий болох гэж байна” гэж мэдэгдэв.

Гэтэл “...Хонгил” гэдэг нь шүүхийн одоогийн тогтолцоон дээр 10 гаруй жилийн өмнө “баригдчихсан” гэдэг. Тэр байтугай өнөөдөр ингэж яриад байгаа улстөрчид арваад жилийн өмнө “...Хонгилын хохирогч” болох шахаад явж байсан түүхтэй л дээ. Тэгвэл хууль хяналтынхан, тэр дундаа мөрдөх байгууллагын ажилтнууд “...Дагнасан шүүхийн асуудлыг улс орон бүрт ярьж байна. Ийм шүүхтэй улс орон ч цөөнгүй бий. Дагнасан шүүх байгуулснаар эерэг хандлага, төлөвшил бий болж байна. Судалгааны байгууллага, судлаач нар тогтоосон. Тэгэхээр дагнасан шүүхийг байгуулаасай гэж боддог” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Гэхдээ энэ шүүх хэрэгтэй эсэх дээр олон нийт ямар байр суурьтай байна вэ. Дээр хэлсэнчлэн “...Авлигын шүүх байгуулчихвал алдах уу, онох уу” гэдэг ихээхэн чухал юм. УИХ ч тэр талаас нь анзаарч таарна. Уг нь  “...Авлигын шүүхтэй болъё” гэдэг энэ “санаачилга” шинэ юм биш л дээ. Олон жил яригдаж байна. Хамгийн сүүлд 2021 онд Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаарх сонсголын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “...Авлигыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах юм. Авлигын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг. Судлаач эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг” гээд энэ талаар судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл болгож байв. Тэр дагуу судалгааны дүгнэлт гарсан. Түүнээс өмнө ч энэ талаар эрх бүхий байгууллагуудын цуглуулсан элдвийн тоо баримт байдаг. Ер нь бол “Авлигын шүүх”-тэй улс орнууд “...Авлигын хэргийн тоо өссөн”, бас “...НҮБын Авлигын эсрэг конвенцод зааснаар Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх” гэсэн үндэслэлээр Авлигын тусгай шүүхтэй болсон байдаг. Үүнээс гадна шүүхийг дагнан байгуулах, шүүгчийг мэргэшүүлэх нь шүүхийн тогтолцоо үр дүнтэй ажиллах үндэс болдог. Тухайлбал, дагнасан шүүх,  мэргэшсэн шүүгчээр хэргээ шийдүүлэх нь ижил хэрэгт шүүхийн олон янзын шийдвэр гарахаас сэргийлнэ. Ингэснээр шүүхийн тодорхой жишиг тогтдог. Энэ нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлдэг. Шүүх хуралдаанд бэлтгэх явцдаа талуудад хэргийн талаарх зааварчилгааг түргэн хугацаанд өгөх, хэргийг үр дүнтэй удирддаг. Давж заалдах олон шатны процессыг бууруулах, улмаар цаг хугацаа болон эдийн засгийн хувьд үр дүнтэй. Ийм дүгнэлтүүд бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД