20 бүтээгдэхүүний үнэ нийт инфляцын 47.1 хувийг бүрдүүлжээ

Нийтэлсэн: Админ 2023-06-13 11:19:40

Улсын хэмжээнд инфляц 2023 оны 5 дугаар сарын байдлаар 11.3 хувь байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Тэгвэл тавдугаар сарын байдлаарх нийт инфляцын 47.1 хувийг тодорхой нэр төрлийн 20 бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ.

Тодруулбал, дотоодын хүнсний бүтээгдэхүүн дотроос хонь болон үхрийн ястай мах, үхрийн цул мах, талх, гурил, сүү, гурилан боов, шар айраг, гоймон, төмс, цагаан будааны үнэ инфляцад ихээхэн нөлөөтэй байгаа аж. Мөн импортын барааны бүлэг дэх угаалгын нунтаг, үсний шампунь, вакум цонхны 1 мкв-ийн үнэ, эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт томоохон нөлөө үзүүлжээ. Эдгээр барааны үнийн өсөлтийг хасаж тооцвол улсын хэмжээний инфляц 6.0 хувьтай байгаа аж.

Манай улсын хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтийг 384 нэр, төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөр индексжүүлж хэмждэг. Гэсэн ч нийт инфляцын 40 гаруй хувийг цөөн хэдэн бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарласан хэвээр байгаа юм.

Монголбанкны хувьд энэ оны төгсгөлд инфляцыг 1 оронтой тоонд хүргэх, ирэх оны эхний хагаст зорилтот 6-8 хувийн интервалд хүргэхийг зорьж ажиллаж буй билээ.