Ц.Мянганбаяр: Хужаа, Мянганбаяр, нохой гурваас өөр муу юм Монголд алга

Нийтэлсэн: Админ 2019-08-26 12:17:15
 

 

-Ярилцахыг зөвшөөрсөн танд баярлалаа. Үргэлж анхаарлын төвд байдаг та өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн дуулианы гол дүр байлаа. Таны бие сайн уу?

-Бие зүв зүгээр байна. Би муулуулсаар байгаад дасаж дээ. Бүүр нохойноос дор намайг үзэх болж. Нохойг ч монгол хүмүүс ингэж муулдаггүй байх. Гэхдээ сүүлийн хэдэн өдөр доромжлол, гүтгэлэг хэрээс хэтэрлээ. “Энэ муу байгаль сүйтгэгч”, “Энэ муу завхай эр” зэрэг доромжлол бол гаарсан. Сүүлдээ харваад эмнэлэгт хүргэгдсэн гэж гүтгэгдэж үзэж байна.

Монголд Мянганбаяр, хужаа, нохой гурваас өөр муу зүйл байгаа юм уу, ингэхэд. Тэгээд тэр муулаад байгаа хужаа нартаа бүх бүтээгдхүүнээ зарж, түүнийгээ эдийн засаг гээд нэрлэчихнэ шүү.

-Өнгөрсөн долоо хоногийн Архангайн Цэнхэр суман дахь лицензүүдийг цуцалсан тухай мэдээлэлтэй зэрэгцээд “Новотел”-ийн уулзалт гэдэг зүйлийг нийгмийн сүлжээгээр зориуд тараах шиг болсон.

-Би тэр “Новотел” нь хаана байдгийг ч мэдэхгүй.

-Засгийн газар Архангайн Цэнхэрийн алтны компанийн лицензүүдийг цуцалсан мэдээлэл хийсний дараа бизнесийн хүрээнийхэн уулзалдсан гэдэг үнэн үү?

-Тийм зүйл би лав сонсоогүй. Би тийм уулзалтад очоогүй. Тэр уулзалтад очсон гээд байгаа Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн гишүүдийг ч танихгүй. Ийм байхад л намайг уулзалт зохион байгуулсан, уулзалт дээрээсээ эмнэлэгт хүргэгдсэн гэж гүтгэлэг тараагаад байгаа юм.

Би тэр гүтгэлэг тараагаад байгаа улсад муу юм хийгээд, хохироогоод, гомдоочихсон юм байхгүй. Миний нэрийг сонсохоор л дургүй нь хүрээд байдаг юм шиг байна лээ. Алтны сайхан орд олдог ч гэдэг юм уу, сайхан бүсгүйчүүдтэй суучихсан ч гэдэг юм уу, муулж эхэлдэг. Тамын тогооны үлгэр шиг бидний монголчуудын орчин үеийн зан юм уу даа.

-Гэхдээ энэ бол үнэн яриа л даа. Та сайхан ордууд оллоо, сайхан бүсгүйчүүдтэй ханиллаа.

-Үгүй тэгээд тэр нь миний буруу биш биз дээ?

-Тийм л дээ.

-...

-Уучлаарай, үндсэн асуултдаа оръё. Архангайн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаад цуцлагдсан 13 лиценз бүгд тантай холбоотой юу?

-Засгийн газрын цуцалсан 13 лицензийн гурав нь манайтай хамааралтай лиценз. Гэхдээ энэ гурван талбайд манайх олборлолт явуулаад алтаа улсад тушаачихсан. Технологийн хувьд алт үлдчихсэн учраас өөр жижиг компаниуд олборлолт явуулж байсан юм. Энэ олборлолт бүрэн дууссаны дараа бид нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байсан юм.

-Танайх олборлолт явуулаад дууссан юм бол нөхөн сэргээлт яагаад хийгээгүй байсан юм бэ. Энэ лицензийг цуцлах нэг үндэслэл болсон уу?

-Олборлолт бүрэн дуусаагүй үед нөхөн сэргээлт хийдэггүй юм аа. Ашигт малтмалын хууль дээр ч алтыг бүрэн олборлосны дараа нөхөн сэргээлт хийнэ гээд тодорхой заасан байдаг. Хэзээ байтлаа бид алтан дээр зүлэг тарьтлаа баяжчихсан юм бэ. Харин алтны нөөц бүрэн дууссаны дараа гарцаа байхгүй нөхөн сэргээлт хийнэ. Энэ бол байгалиа бодсон ч бурханаа бодсон ч үүрэг.

Өмнө нь бид Архангайн Цэнхэрт нөхөн сэргээлтээ хийж л байсан. Саяын цуцлагддаг лицензүүдийн хажуугийн аманд Нарийн хамарын хөндий гэж бий. Одоо Архангайн Цэнхэр сумынхны хадлангаа авдаг газар.

Тэр аманд бид олборлолт явуулж байсан. Олборлолтоо бүрэн дуусгаад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Одоо бол очоод харахад уурхайн үйл ажиллагаа явуулж байжээ гэж мэдэгдэхээргүй болсон. Нутгийнхан л энд уурхай ажиллаж байсан гэж мэдэх байх. Нутгийнхан хадлангаа авдаг сайхан хөндий болсон гээд бод доо. Сая цуцлагддаг гурван лицензийн орд дээрээ ч бид нөхөн сэргээлтээ хийнэ. Энэ бол үүрэг.

Нөгөөтэйгүүр, нөөц дуусаагүй байхад нь нөхөн сэргээлт хийсэн ч нутгийнхан, хувиараа алт олборлолт хийдэг хүмүүс металл хайгчтай ороод л олборлоод эхэлдэг. Ингэхээр нөхөн сэргээлт үр дүнгүй болгодог. Хаана ч ийм л байдаг. Бүрэн олборлолт явуулсны дараа л нөхөн сэргээлт хийдэг гээд байгаа нь ийм л учиртай.

-Гэхдээ та одоо Цэнхэрт манай компани үйл ажиллагаа явуулаагүй гэсэн. Яг тэр гурван лиценз дээрээ танайх одоо олборлолт явуулаад байгаа зүйл байхгүй юм байна, тийм үү?

-Тэнд манай нэг ч ажилчин, нэг ч техник байхгүй. Ийм л зүйл.

-Та тэдгээр компаниудад ямар нөхцөлөөр шилжүүлсэн байдаг вэ?

-Манай компанийн хөрөнгөөр тэнд үүсмэл орд үүссэн байна. Түүнийг өөр жижиг компаниуд ашиглаж байгаад сая лиценз нь цуцлагдлаа. Гэвч өмнө нь манай компани олборлолт явуулж байсан, манай хамааралтай лицензийн талбай учир бид нөхөн сэргээлтийг хийх үүрэгтэй. Энэ хамааралтай лиценз дээр бид нөхөн сэргээлтээ ч хийнэ, харицулагаа ч хүлээнэ.

-Миний ойлгосноор үндсэн ордыг танайх ашиглаж дуусаад үүсмэл ордыг жижиг компаниуд ашиглаж байсан гэсэн үг үү?

-Үндсэн орд биш, шороон орд байсан юм. Архангайн Цэнхэр бол алтны үндсэн ордны томоохон нөөцтэй. Гэхдээ үндсэн ордыг ашиглахад төвөгтэй. Нэгдүгээрт, тэр хавийн орд хүнцэл ихтэй. Хамгийн гол Цэнхэрийн алтны орд байдаг газар Орхон голын дээд тал, Хангайн нурууны усан хагалбарын ай сав. Ийм усан хагалбарын ай савд үндсэн ордыг ашиглах боломж байдаггүй. Яагаад гэвэл хүнцэл нь гол усыг хордуулдаг юм.

-Сая цуцлагддаг лицензүүд дээр ямар аргаар олборлолт явуулж байсан юм бэ. Нутгийнхан энэ ордуудаас болж үхэр мал нь өвчилсөн тухай ярьсан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан байсан.

-Одоогийн олборлож байгаа хүмүүс усаар буудаад л олборлож байгаа.

-Тэр арга нь гол усанд, түүгээр ундаалж байгаа хүн, малд нөлөөлдөггүй юм уу?

-Бид Архангайн Цэнхэрт найман жил олборлолт явуулсан. Олборлолт явуулах хугацаандаа дэлхийн олон улс оронд ашиглагддаг шар шавартай усыг цэвэршүүлэх байгальд хоргүй биотехнологийг Орхон голд анх удаа нэвтрүүлсэн. Үүнийг Заамарт мөн хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголбанкны эрдэнэсийн санд энэ хугацаанд найман тонн орчим алт тушаасан. Байгаль, хүн малд хортой байсан бол биднийг, “Монгол газар”-ыг олборлож байх найман жилийн хугацаанд энэ асуудал гараад л ирэх байсан.

-Ерөнхий сайд ашигт малтмалын зарим лицензийг цуцалсан үндэслэлдээ “Энэ лицензүүдийг авахдаа авлига хээл хахууль өгсөн, хууль бусаар нөлөөлж авч байсан учраас” гэж тодотгосон. Та Цэнхэрийн алтны лицензүүдээ авахдаа авлига өгсөн үү?

-Хайгуулын лицензийг хууль дүрмийн дагуу аваад л хайгуул хийсэн. Би өөрөө нээсэн орд. Хуучин геологийн судалгаагаар "Тэнд алт байхгүй ээ" гээд орхичихсон байсан газар. Би өргөдөл өгч аваад, хайгуулаа хийсэн. Тэгээд бас л дүрэм журмын дагуу “А” лиценз аваад олборлолт явуулж эхэлсэн орд. 2000 оны үед шүү дээ. Ийм л юм. Тэрүүгээрээ би “Монгол Улсын тэргүүний геологич” гэсэн цол тэмдэг авч байлаа. “Тэнд алт байхгүй ээ” гэсэн геологич нарт баахан загнуулж, алт олчихсон би “Тэргүүний геологич” болж байсан түүхтэй. Ингэж л надад ирсэн лиценз юм шүү дээ.

-Энэ лицензүүдийг цуцалсан Засгийн газрын шийдвэрийг та яаж харж байна вэ?

-Өгсөн лицензээ хэзээ цуцлах нь Засгийн газрын л эрх.

-Лиценз танайх биш боллоо. Нөхөн сэргээлт хийх үүрэг нь яах вэ?

-Бид нөхөн сэргээлт хийнэ ш дээ. Нэгэнт олборлолт явуулсан юм чинь нөхөн сэргээлт хийж л таарна. Үүрэгтэй. Засгийн газар нөхөн сэргээлт хий гэсэн үүрэг өгсөн ч, өгөөгүй ч бид хуулиараа нөхөн сэргээлт хийх үүрэгтэй. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ.

-Энэ лицензүүдийн цуцласнаар та хэр хохирч байна вэ?

-Монгол Улсын хуулийн доор амьдарч л байгаа бол хэн ч төр засгийн шийдвэрийг дагаад л явна. Аливаа юм хоёр талтай. Сайн, муу хоёр багтаж байж сав дүүрдэг гэдэг байх аа. Нийгмийн ядуурлыг ойлгосон, шударга биш өмчийн харилцаа газар авсныг Ерөнхий сайд соргог мэдэрч засах гээд л явж байх шиг байна. Энэ утгараа зөв юм. Нөгөө талаар бид хаалттай биш, нээлттэй нийгэмд амьдарч байна.

Гадна дотнын бизнесүүдтэй уулзахаар танай төр засгаас айж байна гэдэг юм. Төрийн шийдвэрүүд нь маш тогтворгүй гэж хэлдэг. Нийгмийн тэгш бус хувиарлалтын гажуудлыг засах гэж байгаа нь сайн боловч, гадна дотнын хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь айдас болж ирж байгаа сул тал нь. Түүнээс биш нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа нөхөрлөл, хувиараа алт олборлогчдод дохио сануулга өгч байгаа нь зөв.

-Таны ярианаас харахад Засгийн газрын лиценз цуцласан шийдвэрийг шүүхэд өгнө гэдэг байр суурь тань өөрчлөгдсөн бололтой.

-Над шиг муу нохойн баас төр засгийг шүүхэд өгнө гэж бодох уу? Анхнаасаа л би Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээгүй. Тийм ярилцлага ч өгөөгүй шүү дээ. Гудамжинд сэтгүүлч залуутай таарсан, яарч яваагаа хэлээд л, мэнд мэдэлцээд салсан. Одоо харин хэлээгүй үгийг хэлсэн болгосон сэтгүүлчийг шүүхэд өгдөг юм уу.

-Шударга бус баялгийн хувиарлалтыг засч залруулна гээд гэхдээ хураагаад, тараагаад байж болохгүй байх. Ямар тохиолдолд баялгийн тэгш хувиарлалт ирэх юм. Тэмцэгчид, гомдогчид аль тохиолдолд тайвшрах юм бэ?

-Уул уурхайг зөв хөгжүүлэхийн тулд уул уурхайн бирж л байгуулах хэрэгтэй. Байгалийн баялгийг иргэн бүрт оновчтой хувиарлахын тулд хувьцаагаар дамжуулан ашиг хүртээх юм.

Харин тухайн орон нутгийн иргэдэд тухайн сум орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа орд газрын 15-20 хувийг эзэмшдэг давуу эрхтэй байх хэрэгтэй. Ингэвэл нэг өрхөд сардаа нэг, хоёр сая төгрөг орж ирдэг болно. Биржийн шударга ил тод байдал нь Монгол улсын баялагын сан бүрдүүлэх нөхцөл дэд бүтэц юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, ингэж уул уурхайн баялгийг биржээр дамжуулан хувиарлалт хийхгүй бол үндэсний компаниуд нь ч учраа олохоо больчихсон, ард иргэд ч амьдрал доройтохын хэрээр уул уурхайг үзэн ядагч болчихсон ийм л байдалтай байна.

-Ц.Мянганбаяр гэдэг хүнтэй уулзаж байгаагийнх асуухгүй өнгөрч болохгүй сэдэв бол Олон овоот. Г.Алтан, Ш.Батхүү, Ц.Мянганбаяр нарын нэрс орж ирдэг. Олон овоот юу болсон бэ?

-Алтан гуайг сайн мэдэхгүй ээ, муухан эр хүнээс дээр юм уу гэж боддог. Манай Ш.Батхүү яахав дээ, эр хүн олзонд яваа л биз. Олон овоотын хувьд алт болон жоншны маш том нөөцтэй. Үүнийг би ямар батласан биш. Дэлхийд нэртэй Канадын "Вардроп Инжинеринг" гэдэг хөндлөнгийн компани батласан юм даг. Энэ бол тусдаа сэдэв, дараа ярилцъя.

-Ингэхэд Ц.Мянганбаяр гэдэг хүн нийгэмдээ хандсан юм хийдэг юм уу?

-За даа, намайг ямар хүн тоох биш. Гэхдээ, 2010 он билүү, Оюутаны холбоогоос туслаач гэж хүссэн. Тухайн үед Оюутны холбоотой хамт УИХ-ын гишүүдэд хандсан. Дээр нь талбай дээр оюутны жагсаал хийж 4, 5 сар зүтгэсний эцэст оюутны 70 мянгыг анх батлуулж байсан даа.

Оюутны холбооны дурсгалын батламж нь одоог хүртэл гэрт байдаг юм. Харин үүний үр дүн нь манай улсын малын тоо толгой анх удаа 60 сая давсан. Өөрөөр хэлбэл малчид маань оюутан хүүхдүүдээ тэжээхийн тулд малаа нядлаад зарж мөнгө явуулдаг шүү дээ. Үүнийг болихоор малын тоо өснө. 4 оюутан улсаас өгсөн мөнгөө нийлүүлээд сарын хоол хүнс, гурил будаа, давс ногоогоо аваад амьдарчихна. Энэ хуулийг зориг гарган батлуулсан гишүүдийг хүмүүс мартсан байх. Үүнээс гадна, алтны ашгийн татвар 10 хувьтай байлаа. Гэтэл алтаа хулгайгаар гаргаад болдоггүй. Гадагш гарах 20 тонны контейнэрд гагнаад гаргачихдаг байсан. Би зарим гишүүнд, алтны холбоогоор дамжуулан өргөх бичиг барьж, татварыг 2.5 хувь болгосон. Ингэснээр Монголбанкинд тушаар алтны хэмжээ 4 тонн орчим байснаа 22 тонн болтлоо өссөн. Энэ нь тухайн үеийнхээр 700-800 сая ам доллар юм.

Ингэж төгрөгийн ханшийг хамгаалснаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс хамгаалсан юм даг. Энэ ам.доллараар Монгол Улс бензин шатахуунаа Оросоос авдаг юм шүү дээ. Нөгөө муу хэлэгддэг, ядарсан нинжа нарын л гавьяа. Нинжа бас л монгол хүн шүү дээ. Гэхдээ өнөөдөр хүн болгоны амьдрал хүнд байна л даа. Шинэ зах зээлийн харилцааны нийгэмд улстөрчид, бизнесийнхэн, ард иргэд маш их алдаа гарган суралцсаар байна. Монгол хүмүүсийн сарын дундаж цалин 2000 ам.доллар болж байж нийгэм тогтворжино. Энэ нь ойрын жилүүдэд хэрэгжих  боломжтой зүйл.