Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Нийтэлсэн: Админ 2024-04-30 10:20:26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 28-нд “Генерал цолны 80 жилийн ой”-г тохиолдуулаад ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол олгожээ. Угаасаа ЦЕГ-ын даргын албан тушаалыг “...Генералын мест” гэдэг л дээ. Авах ёстой л цол гэсэн үг. Хууль хүчнийхэн, дан ганц хуулийнхан ч гэлтгүй, төрийн албаныхан ч үүнийг мэддэг, ярьдаг.

Гэхдээ Т.Сүхболдыг бригадын генералын мөрдэсээ зүүж байх үед нэг зүйл ажиглагдлаа. Тэр ихээхэн “хараа хяналт”-д байгаа юм байна. Яг ийм цаг үед бригадын генерал цолоо авсан нь хэсэг хүнд таалагдахгүй байх ч боломжтой юм байна. Яагаад гэхээр тэр угаасаа маш хүнд үед, хэцүү цагт энэ ЦЕГ-ын дарга гэдэг албыг хашиж байна л даа. Бас зүгээр ч хашаагүй байгаа юм.

Шулуухан хэлэхэд, Т.Сүхболдын үед л бүгдээрээ мэддэг хэрнээ хэн ч сөхөж зүрхлээгүй, олон жил нуун дарж ирсэн “үнэн”-үүдийг ил болгож байна. Тийм асуудлуудыг л "тэсэлсэн" хэрэг л дээ. Тэгээд зогсохгүй, мөрдөн шалгах үйл ажиллагаануудыг ч явуулж эхэлсэн. Хамгийн том жишээ нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг байна. 19 жил дарагдаад, огт өөрөө шийдэгдээд явчихсан хэрэг шүү дээ. “...Энэ хэргийг эрүүдэн шүүж хүлээлгэсэн байна” гэдэг шүүхийн шийдвэр гарсны дараа Т.Сүхболдоор ахлуулсан уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгэхэд тэрээр ЭЦА-ны дарга байв. Тэр утгаараа, өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “босож” ирээд байгаа бүхнийг түүний ажилтай холбохоос өөр арга байхгүй шүү дээ. Өөр бусад том, ноцтой хэрнээ, дарагдсан хэргүүдийн сөхсөн нь ч яригдаж л байна.

Гэхдээ Т.Сүхболдыг “...Бүлэглэлүүдийн нөлөөгүйгээр, тэднээс эмээлгүйгээр, шударга ажиллаж чадаж байна уу даа” гэцгээх нь олон сонсогдох болсон.

Өөрөөр хэлбэл, Т.Сүхболдын энэ ажиллаж байгаа цаг үе, илрүүлэн гаргаж ирж байгаа хэрэг асуудлынхаа улмаас нэг бус нэлээд хэсэгт таалагдахгүй байх нь тодорхой юм. Тэр нь шүүмжлэхээс өөрөөр, өөлөхөөс хатуугаар илэрнэ. Энэ яах вэ, ингэж л таарна. Нуусан хэргээ сөхүүлсэн томчууд, банкаа шалгуулсан боссууд, дансаа нэгжүүлсэн дарга нар, гадаадаас баригдаж ирсэн “шувуу”-нууд, тендерийн хулгай нь баригдсан төрийн албан хаагчид, төрд шахсан нь илэрсэн том дарга нар яаж “…Т.Сүхболд генералд баяр хүргэж, амжилт хүсье” гэх вэ дээ. Тиймээс “тэсэлсэн”-үүдээ эцэслэх л хэрэгтэй. Тийм үүрэг Т.Сүхболд генералд бий шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР