Ерөнхийлөгчийн “Төмөр зам”-ын хэргийг “Хонгил”-ын гэх шүүгч З.Болдбаатар хэрэгсэхгүй болгожээ

Нийтэлсэн: Админ 2021-03-04 23:08:07
 

 

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга, (одоогийн Ерөнхийлөгч) Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ.

Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр дуулиант энэхүү хэргийг эцэст нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Хэргийн гол холбогдогчид хил даван оргон зайлж, Х.Баттулгыг баривчлах гэсэн цагдаагийнхан спортын алдартнуудын эсэргүүцэлтэй тулснаар ажиллагааг яалт ч үгүй зогсоож байсныг хэн бүхэн санаж буй биз ээ.

Харин уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дуулиант хэргийн эзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар аж. Тодруулбал, “Төмөр зам”-ын гэх хэргийг 2017 оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлж, удалгүй тавдугаар сард нь З.Болдбаатар шүүгч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

“Хонгил”-ын гэх шүүгчдийн гинжин хэлхээ

Бичлэгт гарсан АТГ-ын ажилтан асан П.Чулуунбаатар, шүүгч З.Болдбаатар нар үнэхээр багын найзууд аж. Тэдний эцгүүд аймгийн шүүхийн дарга байсан ба тэд хуулийн сургуульд хоёр хүүхдээ оруулснаар нэг ангийн мөн гэр бүлийн найз нөхөд болжээ. Харин П.Чулуунбаатар, Б.Баасанцогт, А.Алтанхуяг (ҮАБЗ-ийн нарийн бичиг А.Гансүхийн төрсөн дүү) нар Баянгол дүүргийн шүүхэд 2004-2008 онд хамт ажиллаж, найзууд болцгоосон байна. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх  нь Зам тээвэр Барилга хот байгуулалтын дэд сайдаар 2008 онд томилогдсон даруйдаа төрсөн дүү А.Алтанхуягийнхаа найз Б.Баасанцогтыг “МИАТ” ХК-ийн Захиргаа хүний нөөцийн даргаар томилж, харин тэрбээр найз П.Чулуунбаатараар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүгч З.Болдбаатартай ойрын найзууд болсон гээд өдгөө “Хонгил”-ын шүүгчид гэдгээрээ нийтэд танигдаад буй нөхдийн гинжин холбоос, хэлхээ ийнхүү өрнөжээ.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх