Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа

Нийтэлсэн: Админ 2020-04-03 18:07:53

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт  Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020оны 4 дүгээр сарын 2-ны өдөр өргөн барилаа.

Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2013-2017 онд амжилттай хэрэгжсэн “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хоёрдугаар үе шат болох “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэх тус төслийг 14 аймгийн 150 сум болон Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд малын гоц халдварт өвчнийг 25 хувиар бууруулах, мах сүүний гарцыг 15 хувиар нэмэгдүүлэх, малын үнэ цэийг 20 хувиар нэмэгдүүлэх, 20 мянган малчныг шууд хамруулах зэрэг бодлогын томоохон зорилтууд дэвшүүлсэн байна.

Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын зээлийг 1.25 хувийн хүүтэйгээр 30 жилийн хугацаатай, эхний 5 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр олгох юм байна.

Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулахаар дунд хугацааны зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барьсан.

“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд нийслэлд шилжин ирэгсдийн тоо, тээврийн хэрэгслийн тоо жил тутам нэмэгдэж байгаа. Дээрх төслийн хэрэгжилтийн хугацаанд гарсан сайн үр нөлөөг өргөтгөх зорилгоор 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтийг олгохоор талууд харилцан тохиролцсон байна. Энэ дагуу холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх