Ц.Анандбазар: Малын хулгайг илрүүлж өгсөн хүнд урамшуулал өгч байвал илрэх нь нэмэгдэнэ

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-12 13:59:00

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян монгол баян” зөвлөгөөн энэ сарын 10-нд Баянхонгор аймагт боллоо. Зөвлөгөөний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн, “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Тод манлай уяач Д.Даваахүү, Засаг дарга Г.Батжаргал нарын хүндтэй зочид хүрэлцэн ирсэн юм. Арга хэмжээнд Баянхонгор аймгийн 20 сумын 500 гаруй малчин оролцсон юм. Энэ үеэр “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ээс Баянхонгор аймагт салбараа нээв. Цаашид 21 аймагт салбар байгуулахаар зорин ажиллаж байгааг нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар хэллээ. Зөвлөгөөнд оролцогчдын байр суурийг хүргэе.


УИХ-ын дарга Г.Занданшатар: Мал малчин хоёр бол Монголын үнэт баялаг 

-Мал малчин хоёр бол Монголын үнэт баялаг. Миний аав нутаг усныхаа хүмүүсийн эмнэг адууг сургаж өгдөг, хурдан морь уядаг, малчин удмын адуучин хүн. Мөн хөдөө аж ахуйн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар буурал бий. Аав маань малын гоц халдварт боом өвчин гарсан 1992 онд санаачилга гаргаж, мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэсэн заалтыг Үндсэн хуулинд оруулахад хувь нэмрээ оруулсан. Малын хулгай бол өвөрмөц гэмт хэрэг. Мал сүрэг нь Монголчуудын амь зуулга, нөгөө талдаа нүүдлийн соёл иргэншил. Тиймээс Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг чангаруулах зорилгоор нэгдүгээрт, өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн ялтай байхаар хуульчилж байгаа. Хоёрдугаарт, баригдсан малын хулгайч малчдын хохирлыг нөхөн төлсөн болоод хэргээс мултрах тохиолдол гардаг. Тэгээд малчдын хохирлыг барагдуулахдаа өөр айлын хотыг харлуулах нь бий. Одоо малчид ингэж хууртаж болохгүй. Нийтлэг эрх ашгийнхаа төлөө хариуцлагатай байж дээр дооргүй тэмцэх хэрэгтэй юм. Бүлэглэн, зохион байгуулалттай болон давтан гэмт хэрэг үйлдэж байвал ялын санкц хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас малчдын хариуцлага их чухал байна. Малаа таних, хариуллага маллагаа гээд олон зүйл дээр идэвхи чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд малчдын холбоог байгуулж байгаа юм. Энэ нь зөвхөн мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг биш малчид бэлчээрээ хамгаалах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг яаж үнэд хүргэх вэ, боловсруулах үйлдвэрийг хэрхэн дэмжих гээд цогц бодлого юм.

“Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн, “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар: Малын хулгайг илрүүлж өгсөн хүнд урамшуулал өгч байвал илрэх нь нэмэгдэнэ 

-УИХ-ын гишүүд, тэр дундаа УИХ-ын дарга Г.Занданшатар “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Монгол Улс анх удаа улсын төсөвтөө малын хулгайтай тэмцэх, малчин хүн бүрийн хүсэн хүлээсэн энэ үйл ажиллагааг дэмжиж нэр тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Энэ бол маш том үйл ажиллагаа болно. Малын хулгай бол малчин өрх болгоны хаалгыг тогшиж байдаг хар зүйл. Монгол Улс өргөн уудам нутагтай учраас малын хулгай өдөр, шөнийг ялгахгүй болж байдаг. Малын хулгай, гэмт хэрэгтэнүүд улам төгс болж, тэрэг техник, мэдээлэл холбоо, шат давжлагын нарийн сүлжээ бий болсон. Ийм нарийн сүлжээтэй тэмцэхийн тулд хөрөнгө санхүүгийн тал дээр асар том чадвартай байгууллага байх ёстой. Түүнчлэн малын хулгайг илрүүлж өгсөн төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, малчидад урамшуулал өгч байвал малын хулгай илрэх нь нэмэгдэнэ гэж төлөвлөж байна. 2020 оноос малын хулгайн хэргийг илрүүлсэн хүн, аж ахуй нэгжид хулгайгаас олдсон нийт малын үнийн дүнгийн 10 хувиар шагнах саналыг хуулинд оруулахаар яригдаж байгаа. Малын хулгайчийг илрүүлсэн хүн болгон шагнал авна. Эдийн засгийн гаралтай хулгайг бол сонирхолын зөрчил буюу сонирхолыг нь дагуулж олговол илэрнэ гэж үздэг. Тийм болохоор бид малын хулгайч нарын гарал үүсэл, зураг, нэр, тэмдэглэл мэдээлэл хийсэн аппликейшн, фэйсбүүк хаяг нээж байгаа. Малын хулгайчаа малчид мэддэг болохоороо хулгайчаас мал сүргээ хамгаалж, урьдчилан сэргийлдэг болно. Ингэснээр малын хулгайчдад гишгих газар олдохгүй болох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүд маань энэ үйл ажиллагааг маань дэмжиж, цалингаасаа хандивлаж, орон нутагт салбар зөвлөл байгуулахад биечлэн оролцож байгаад манай нийгэмлэг болон малчин түмнийхээ өмнөөс талархал дэвшүүлье. Малын хулгайн гэмт халдлагаас хамгаалах үйл хэрэг бол хөдөө гэлтгүй хотод амьдарч буй иргэдэд ч хамаатай зүйл. Мах иддэггүй монгол хүн гэж байхгүй. Мах худалдан авч буй иргэд хулгайн мах үгүйг ялгаж салгадаг болсон цагт малчид хүний хөдөлмөр үнэлэгдэнэ. Ингэж малчин түмэн сэтгэл сайхан, нуруу тэнэгэр аж жаргалтай амьдарна гэж бодож байна. Энэ дашрамд Баянхонгор аймагт малын хулгайн гэмт халдлагаас хамгаалах салбар зөвлөлийг байгуулж байгаа хонгор нутгийн зон олонд эрүүл энх, сайн сайхныг хүсч, “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Баянхонгорчууд баян” гэдэг Зундуйн Дорж ахынхаа суут үгийг хэлж байна.

Баян-Овоо сумын Засаг дарга Ч.Алтанбаатар: Авто зам дагуух айл өрх малын хулгайн гэмт хэрэгт өртөх нь улам ихэсч байна

-Баян-Овоо сум бол аймагтайгаа хил залгаа оршидог. Говь-Алтай аймгийн засмал зам дайран өнгөрдөг. Энэ зам ашиглалтад орсоноос хойш малын хулгайн гэмт хэрэг өссөн. Авто зам дагуух айл өрх малын хулгайн гэмт хэрэгт өртөх нь улам ихэсч байна. Учир нь малын хулгайчид засмал зам руу орж мөрөө бүдгэрүүлдэг бөгөөд мөрөөр нь мөшгиж барих боломжгүй болдог. Манай суманд өнгөрсөн сараас эхлэн шөнө, өдрийн явуулын эргүүл гарган малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Тэгэхэд айл хот руу мотоциклоор мал тууж байгаад баригдаад зугтаасан. Мөн портер маркийн автомашинтай хүмүүс айлын хотонд мал нядлах бэлтгэлтэй байж байгаад баригдсан зөрчил илэрсэн. Малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгаан нь төв зам, мал мах боловсруулах цэг ойрхон байгаа нь нөлөөлдөг Баригдсан малын хулгайчид ихэвчлэн тэрэг техниктэй, зохион байгуулалттай хохирогч айлын хүн бүлгүйг далимдлуулан хулгай хийж байна.

Иргэн Д.Батдамба: Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд дорвитой ажил хийхийг хүсч байна

-Манай аймагт Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян монгол баян” зөвлөгөөн болно гэдгийг сонсоод Улаанбаатараас зорьж ирлээ. Алив ажлыг хийж эхлүүлэх амаргүй байдаг. Манай аймагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Шалтгаан нь уул уурхай ихтэй, унаа мотоциктэй тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн олон байгаа нь нөлөөлж байна. Малаа хулгайд алдана гэдэг малчин хүнд маш том гарз. Манай аймагт малын хулгайтай тэмцэх утас ажлуулдаг байхад илрүүлэлт их үр дүнтэй байсан. Ингэснээр малын хулгайн 2-3 том бүлэг хэргийг илрүүлсэн. Монгол хүн, газар нутгийн дархан байдал, мал малчинаа хайрлан хамгаалахгүйгээр хөгжинө гэдэг хэцүү. “Хэл, хил, мал гурвыг хэзээ ч салгаж болохгүй зүйл учраас Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд дорвитой ажил хийхийг хүсч байна.