С.Баярцогт: Энэ алдаатай дүгнэлтийг үндэслээд шүүх шийдвэр гаргавал бид “Оюу Толгой” компаниас татвараа дутуу авах эрсдэлтэй

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-04 13:37:00

Сангийн сайд асан С.Баярцогт “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “30 хоногийн өмнө Оюутолгойн гэрээг үзэглэсний 10 жилийн ой болсон. Гэтэл энэ ойг Засгийн газар, “Оюу Толгой” компани ч дурдсангүй. Энэ гэрээ Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш хийсэн хамгийн том гэрээ юм. Гэрээ байгуулсаны 10 жилийн ойг тохиолдуулан  энэ гэрээг байгуулахад хүчин зүтгэж, ажилласан нийт хүмүүст, болон С.Баяр, С.Батболд нарын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй” гэв. “Оюутолгой”-н гэрээ, холбогдох бичиг баримтуудаар товхимол гаргасан байна. Энэхүү товхимолоо таван шалтгааны улмаас гаргасан тухайгаа танилцуулав. "Нэгдүгээрт, надад 2018 оны тавдугаар сард АТГ-аас Оюутолгойн гэрээг хийхтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ингэхдээ Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт болон гэрээг хүчин төгөлдөр болгоход Монголд үр өгөөжийг нь 434 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг буруутгаж, үүнд үндэслэж хэрэг үүсгэсэн юм. Ингээд харахаар зарим хууль хүчнийхэн энэ гэрээний зарим зүйл заалтыг ойлгохгүй байна гэж бодсон.  Хоёрт, АТГ энэ хэрэгтэй холбогдуулаад дөрвөн бүлэг  шинжээч томилсон. Нэг нь банкны салбарын, нөгөө нь МУИС-ийн судлаач, хуулийн багш нар, нөгөөх нь аудитын компани болон ТЕГ-ын байцаагч нараас бүрэлдсэн баг. Үүний гурав нь 2009 оны Оюутолгойн гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй. Харин ганцхан ТЕГ-ын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид “Гэрээг олон хууль зөрчиж, хохирол учруулсан байна” гэдэг дүгнэлт гаргасан. Ингэхээр гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд гэрээг ойлгохгүй байна. Гуравт, Т.Аюурсайхан гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байхад тэр шинжээчдийн дүгнэлтийг харуулаад “Ноцтой дүгнэлт гарсан байна” гэсэн. Үүнээс УИХ-ын гишүүн, шийдвэр гаргагчид гэрээг ойлгохгүй байгаа нь харагдсан. Дөрөвдүгээрт, үнэхээр ТЕГ-аас гарсан таван байцаагчийн гаргасан дүгнэлт нь 41 зүйлйиг хөндсөн байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний 33 заалт, Хувь нийлүүлэгчийн гэрээний найман асуудлыг тусгасан байна. Энэ 41 зүйлийг нягтлаад үзэхээр 97 хувь нь алдаатай, үлдсэн нь хэрэгжилттэй холбоотой. Үүнийг хараад хүмүүс дүнэлт гаргахдаа “УИХ-ын болон Засгийн газрын бүрэн эрхэд халдсан дүгнэлт гаргасан. Дээрээс нь хуулийн зүйл заалтан дээр үг, үсэг нэмж байгаад дүгнэлт гаргасан. Мөн зохицуулж байгаа өөр хуулийн харилцааг огт хамрааралгүй хуулийн заалтаар дүгнэлт гаргасан. Монгол, англи орчуулга дээр нь алдаа гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээний бүтэн зүйл заалтыг тасалж аваад дүгнэлт гаргасан зүйл байгаа. Энэ алдаатай дүгнэлтийг үндэслээд шүүх шийдвэр гаргавал бид “Оюу Толгой” компаниас татвараа дутуу авах эрсдэлтэй”-г хэллээ.