Дөрвөн сая доллар "Голомт"-оос гараад "Голомт"-доо буцсан баримт гарч ирлээ

Нийтэлсэн: Админ 2019-01-24 1:35:32

Дөрвөн сая доллар “Голомт”-оос гараад “Голомт”-доо буцсан баримт гарч ирлээ


Уг нь энэ явдал одоогоос дөрвөн жил гаруйн өмнө 2014 оны намар, өвлөөр нийтэд ил болж байлаа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Голомт” банкаар дамжсан сая сая ам.долларын гүйлгээний баримтыг өөрийн цахим хуудсаар дэлгээд “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж тайлбар бичиж байв.

Үүний дараа 2014 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан өмнө нь “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Чангаагийн Бямбаатай хамт хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тэр хурал дээр Д.Баясгалан “…Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжаануудтай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар  нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа” гэж мэдэгдэж байв.

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан Д.Баясгалангийн мэдэгдлийн дараа энэ дуулиан нам дарагдаж байв.

Түүнээс яг дөрвөн жилийн дараа энэ асуудал дахин сэдэрч 2018 оны арванхоёрдугаар сард “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд хоёр ч удаа телевизийн ярилцлагад орж “…Д.Дорлигжавын дүүгийн дансаар дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн” гэж мэдэгдсэн юм.

Ингэж дахин сэдрэхдээ маш том асуудал болж хувирлаа.

АТГ-ынхан 2019 он гаруут Д.Дорлигжавыг дүү Д.Баатартай нь хамт, “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Чангаагийн Бямбааг цагдан хорьсон.

Мөн гурав хоногийн өмнө “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг цагдан хорилоо. Д.Баясгаланг энэ дөрвөн сая ам.долларын хэргээс гадна өөр томоохон асуудалд холбогдсон учраас саатуулсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгөөд эхэллээ.

Гэвч хэрүүлийн алим болоод байгаа дөрвөн сая ам.долларын тухайд Д.Дорлигжав өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 21-нд дөрвөн сая ам.долларын талаар телевизэд ярихдаа “…Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок “Алтан Дорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Д.Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Д.Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг. Ингээд манай дүү Д.Баатар Ч.Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос хүссэн зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн. Ингээд байж байтал “Голомт” банкны захирал Д.Баясгалан гэнэт зээлээ зогсоогоод “Нөгөө Паушокийн компанийг чинь бэлэн мөнгөөр худалдаад авах хүн олдлоо” гэсэн байдаг. Тэр нь Т.Ганболд шүү дээ. Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Д.Баатар, Д.Баясгалан, Т.Ганболд гурав суугаад “Паушокт хоёр сая ам.долларыг урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь “Голомт” банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм. Энэ тохирооны дагуу 2011 оны есдүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар “Хоорондын тооцоо” гэж орж ирээд тэр өдрөө “Голомт” банк руу шилжүүлсэн. Миний дүү Д.Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ. Манай дүү сарын дараа дансаа шалгатал Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар ороод гарсан байдаг. “Энэ юу болоод байна, манай компанийн дансыг ашиглан мөнгө төгрөг ороод гарав” гэсэн утгатай бичгийг “Голомт” банк руу явуулсан. “Голомт” банкныхан шалгаад “11-р сарын 08-ны өдөр Т.Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн. Бас Т.Ганболдын компаниас “Д.Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ” гэсэн байдаг.

Тэгвэл дээрх дөрвөн сая ам.доллартай холбоотой зарим нэг баримт бидэнд олдлоо.

Д.Дорлигжавын хэлсэнчлэн “Голомт” банкнаас түүний дүү Д.Баатарын “Рекат Монголиа” компанид 2011 оны тавдугаар сард хоёр сая ам.доллар зээлдүүлжээ. Тодруулбал, тавдугаар сарын 10-ны өдөр “Рекат Монголиа” ХХК-ийн дансанд ЗГ/8115004782 тоот шийдвэрийн дагуу зээл олгов гэсэн утгатай гүйлгээгээр  хоёр сая ам.доллар орж ирсэн. Тэр мөнгө өдөртөө “Рекат Монголиа” ХХК-ийн данснаас зарлага болоод гарсан байна. С.Паушок руу явсан гэсэн үг аж.

Түүнчлэн өнөөх дөрвөн сая ам.долларын тухайд 2011 оны есдүгээр сарын 22-ны өдөр Т.Ганболдын “ЭН АР АЙ” ХХК-аас “Хоорондын тооцоо” гээд хоёр сая ам.доллар “Рекат Монголиа” компанийн дансанд оржээ. Тэр өдрөө зарлага болон гарч “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкнаас авсан дээрх зээлийн өрөнд суутгагдсан байгаа юм.

Үүнээс сарын дараа буюу 2011 оны аравдугаар сарын 18-нд “Пайонеринг интернэшнл” ХХК-аас “Рекат Монголиа” ХХК-ийн дансанд Арматурын төлбөр гэсэн утгатай нэг сая ам.доллар, маргааш нь 19-нд дахин нэг сая ам.доллар Хоорондын тооцоо гэсэн утгаар орсон байна.

“Рекат Монголиа” ХХК-ийн дансан дахь дээрх хоёр сая ам.доллараас “Голомт” банк 2011 оны аравдугаар сарын 25-нд өмнө нь тавдугаар сарын 10-нд зээлдүүлсэн хоёр сая ам.долларын хүүнд 212200 ам.долларыг суутгаж, 27-ны өдөр үлдсэн 1797 мянган ам.долларыг буцааж татжээ.

Үүний дараа 2011 арваннэгдүгээр сарын 8-нд “Голомт” банкинд Т.Ганболдын “Пайонеринг интернэшнл” ХХК-иас “…“Рекат Монголиа” ХХК-ийн дансанд андуурч шилжүүлсэн хоёр сая ам.долларыг буцааж шилжүүлнэ үү” гэсэн хүсэлт хүргүүлсэн байна. Мөн 2011 арваннэгдүгээр сарын 14-нд “Рекат Монголиа” ХХК-ийн захирал Д.Баатар “Голомт” банкны захиралд Данс хөтлөлтийн тухай албан бичгээр дээрх хоёр сая ам.долларын талаар лавласан албан бичиг илгээжээ.

Энэ бол баримт.

Ер нь бол эдгээр баримтаас харахад Д.Дорлигжавын телевизээр тайлбарлаад байсан дөрвөн сая ам.долларын задаргаа энэ баримттай таарч байгаа аж.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР