
Оффтейк гэрээнээс “Бодь”-ийн олсон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн алдсаныг “тоолох” боломжтой боллоо
Засгийн газрын уржигдрын ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх бүх гэрээ, материал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020-2022 онд хамаарах Нүүрс нийлүүлэх 32 гэрээг ил болголоо. Ерөнхий сайд Г.Занданшатарын “…Нүүрсний хулгайтай холбоотой” хэмээн тодорхойлсон гэрээнүүд дунд “Бодь интернэшнл” ХХК-ийнхан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа байгуулсан оффтейк гэрээнүүдийн задаргаа гарч ирлээ. Үүнтэй холбогдох есөн гэрээг 2022 оны сүүлчээр Засгийн газрын 449 дүгээр тогтоолоор төрийн нууцаас гаргаж байв. Тэр үед Нээлттэй нийгэм форум, “Санхүүгийн хүртээмж-хөгжил санаачилга” ТББ-ын судалгааны баг ноцтой дүгнэлт өгсөн байдаг юм.
Тэд “...Гэрээнд, үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна. Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах зэрэг санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан. Уг гэрээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр, хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн. Мөн “…Бусад гэрээнд тодорхой дүгнэлт өгөхөд мэдээлэл хангалттай ил тод биш байна” гэсэн байдаг.
Ер нь бол “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болжээ. Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн байна. Харин өнөөдөр Нүүрс нийлүүлэх гэрээнүүд нь ингэж ил болсноор “Бодь интернэшнл”-ийн олсон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн алдсаныг тооцох боломжтой болж байгаа юм. Дашрамд хэлэхэд, “Бодь интернэшнл” энэ Тавантолгой-Гашуунсухайтын 233.6 км төмөр замыг 1.3 тэрбум ам.доллараар, харин одоогийн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2022 онд Зүүнбаян-Хангимандалын 226 км төмөр замыг 400 сая ам.доллараар найман сарын хугацаанд барьсан байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР