СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ТИ-БОЛЛ СПОРТЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: Админ 2025-05-16 14:09:00
Ти-болл спортоор дамжуулан Сүхбаатар дүүргийн хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих, тус спортын төрлийг олон нийтэд сурталчлан таниулах, спортын холбоо болон үйл ажиллагааг зохион байгуулах анхдугаар хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр боллоо.
 
Хуралдааныг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва удирдан явуулсан бөгөөд энэ үеэр Ти боллын холбооны үйл ажиллагаа, спортын товч түүхийн талаар Монголын бэйсбол, софтболын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Ти боллын үндэсний холбооны үүсгэн байгуулагч Монголын шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхсайхан мэдээлэл өгсөн юм.
 
Мөн Сүхбаатар дүүрэг дэх Ти болл спортын холбооны тэргүүнээр ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, нарийн бичгийн даргаар дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Батдулам нар сонгогдсон байна.
Ти-болл нь Монгол Улсад 2019 оноос эхлэн хөгжиж эхэлсэн бөгөөд шидэгчгүй софтбол, бэйсбол юм. Бөмбөгийг суурин дээр байрлуулан цохиж тоглодгоороо үндсэн бэйсболоос ялгаатай. Бага насны хүүхдэд зориулсан спортын төрөл гэж хэлж болох юм.
Энэхүү спортоор хичээллэснээр мэндлэх хүндлэх ёсонд сурах, биеийн хөгжил зөв болох, багаар ажиллах чадварт сургах, орон зайн баримжаатай болдог гээд хүүхдийг олон талын чадварт сургадаг байна.