СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Х.НЯМДАГВА ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2 ДУГААР ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийтэлсэн: Админ 2025-05-14 14:05:00
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Х.Нямдагва болон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Батдулам нар 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр дүүргийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Г.Давааням, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Цагдаагийн дэд хурандаа Н.Бямбажав нар 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Теле камерын хяналтын дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явц, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн болон 100 айл дахь цагдаагийн хэлтсийн үйл ажиллагааг танилцууллаа.
Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 дүгээр хорооны Шаргаморьт, Хандгайтын авто замын уулзварт баригдсан цагдаагийн хяналтын посттой танилцсан юм.
Энэхүү цагдаагийн хяналтын пост ашиглалтад орсноор зуслангийн бүсэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнгын хяналтад авах ач холбогдолтой юм.
Энэ үеэр ИТХ-ын дарга Х.Нямдагва гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийнхээ хууль хүчний байгууллагууд, цагдаагийн газрын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажиллах болно.
Иргэдийнхээ тав тухтай амар тайван амьдралын төлөө хамтдаа хичээж, ажиллах болно гэдгийг онцоллоо.