“Сонгогдох эрх нь гээгдсэн ээлжийн ажилчид”

Нийтэлсэн: Админ 2024-04-29 9:30:58

...“Ах нь сонгууль гэдгийг мартаад 10 жил болж байна. Он цагийн дарааллаар нь ярьвал 2014 оноос хойш Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн Орон нутгийн гээд аль ч сонгуульд нь саналаа өгч чадаагүй. Нүүрсний тээвэрт явдаг болсноос хойш сонгууль, ажил хоёр байнга хоорондоо зөрдөг. Ингээд л ажилдаа нэгэнт гарсан бол юун сонгууль, биднийг зориод ирэхгүй бол жолооч нар зорьж очиж чадахгүй шүү дээ. Хойно хүлээж буй гэр бүлийн минь хоногийн хоол тасалдана. Амьдрал ийм л байна миний дүү. Сонгуулийн ирц хүрдэггүй гэдэг чинь ердөө л ээлжийн ажилтай бидний саналыг тоодоггүй, хаядагтай холбоотой” хэмээн нэрээ нууцлахыг хүссэн нүүрсний жолооч Б ярилаа.

Энэ бол ээлжийн ажилтай, оршин суух хаягаасаа өөр газарт ажилладагаасаа болоод сонгуулиар сонгох эрхээ эдэлж чаддаггүй олон иргэний бодит төлөөлөл.

Зөвхөн уул уурхайн салбарт нийт 25 мянга орчим хүн ажилладаг.  “Оюу толгой” компани болон туслан гүйцэтгэгч компаниудын нийт 20 мянга орчим хүн ажиллаж байна. Тэд 14 хоногоор ээлжлэн ажилладаг гэвэл сонгуулийн санал авах өдөрт                  9-10 мянган хүн уурхайн талбайд ажиллана.  Энэ жил УИХ-ын хэсгийн хороог байгуулахдаа нэг хэсгийн хороонд дээд тал нь 3000 сонгогч оногдохоор тооцжээ. Ингэж бодвол “Оюу толгой”-н уурхайд гэхэд гурван хэсгийн хороо байгуулах тооны сонгогч бий.   Тэдний дийлэнх нь  нийслэл болон бусад аймгийн иргэд тул Өмнөговь аймагт саналаа өгөх боломжгүй. Нүүрсний уурхайн ажилчид, нүүрс тээврийн жолооч нар ч ажилдаа нэгэнт гарсан бол саналаа өгөх боломжгүйд хүрнэ.

Улсын Их хурал  Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн 2023 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан ч, ээлжийн ажилтай иргэдийн саналаа өгөх асуудлыг хөндөж, дэмжээгүй. Уг нь Сонгуулийн Ерөнхий хороо хуулийн төслийг боловсруулахдаа иргэд саналаа урьдчилан буюу санал авах өдрөөс өмнө өгөх, цахимаар, шуудангаар саналаа өгөх заалт оруулсан ч дэмжлэг авалгүй, хасагдсан байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийнбайгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж баталгаажуулсан. Үндсэндээ иргэн төрийг удирдахад оролцох эрхээ төрийн бүх шатны байгууллагад төлөөлөгч сонгох, өөрөө төрийн албан тушаалд сонгогдох буюу томилогдох, ард нийтийн санал асуулгад оролцох зэргээр хэрэгжих ёстой. Гэсэн ч насанд хүрсэн иргэн бүр энэ эрхээ эдэлж чаддаггүйн тод жишээ бол ээлжийн ажилчдын санал гээгддэг асуудал юм. Үндсэн хуульдаа сонгох, сонгогдох эрхийн тухай тодорхой оруулсан ч, хэрэгжүүлэх эрх зүйн орчныг хангалттай бүрдүүлээгүйгээс өнөөдөр сонгуулийн ирц бүрдсэнгүй гэж, дахин төсвийн зардал гаргаад суудаг байдал давтагдсаар байна. Тиймээс ачаа тээвэр, уул уурхайн салбарын том компаниуд, албан байгууллагууд ээлжийн ажилтай алба хаагчдынхаа сонгох эрхийг эдлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир “Уул уурхайн компаниудын ажилчдаар саналыг нь өгүүлэхийн тулд орон нутагт түр оршин суугчаар бүртгэвэл царцаа нарыг зөөлөө гэсэн шүүмжлэл гарах эрсдэлтэй. Гэхдээ бид орон нутагт ажиллахдаа уул уурхайн компанийн удирдлагуудтай уулзаж хүсэлтээ уламжилсан. Тэр нь сонгуулийн санал авах өдрийг ээлж солигдох өдөртэй тааруулах буюу давхцуулах тухай юм. Ингэснээр нийслэлд оршин суудаг иргэн өглөө нь саналаа өгчхөөд өдөр нь ажилдаа явах боломж бүрдэнэ” гэв.

Уг нь уул уурхайн компаниуд орон нутгийн удирдлагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх гэрээтэй ажилладаг юм. Энэ хүрээнд ажилчдынхаа сонгох эрхийг хангах чиглэлээр гэрээндээ тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангахыг Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн удирдлагуудад зөвлөжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Гашуун-сухайт боомтод 419 аж ахуйн нэгжид 17.4 мянга, Шивээ-хүрэн боомтод 104 аж ахуйн нэгжийн 3000 гаруй, Ховд аймгийн Булган боомтод 42 аж ахуйн нэгжийн 500 гаруй,  Сүхбаатар аймгийн Бичигт боомтод 30 аж ахуйн нэгжийн 500 гаруй, Дорноговь аймгийн Ханги боомтод 77 аж ахуйн нэгжийн 1100 гаруй,  Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод 223 аж ахуйн нэгжийн 900 гаруй,  Дорнод аймгийн Баянхошуу-Өвдөг боомтод дөрвөн аж ахуйн нэгжийн 100 гаруй жолооч ажилладаг гэсэн статистик бий. Эдгээр 25 мянга орчим иргэн саналаа өгөхийг хүссэн ч байнга оршин суух хаяг дээрээ, ээлжээр ажилладаг тул сонгуульд идэвхтэй оролцож чаддаггүй. Улмаар тэдний дуу хоолой хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д хүрдэггүй, хохирч үлдсэн хэвээр байна.