Бүртгэлгүйгээр хил нэвтрүүлсэн буюу “мөргөцгийн хулгай”-д хил, гаалийн дарга нарыг шалгасан уу

Нийтэлсэн: Админ 2023-11-28 9:00:22

Нүүрсний хулгайн томоохон “салбар”-ын нэг нь яахын аргагүй бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал юм. Жижиг “Тавантолгой” ХК-ийнхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийн бүсээс мөргөцөг хулгайлчихсан.

Энэ асуудал хохиролгүй болсон. Засгийн газраас БЭТ томилж, “Тавантолгой” ХК-ийн данснаас 48 тэрбумыг авч төрд шилжүүлснээр хохирол барагдсан гэж үзсэн. Гэхдээ энэ компанитай холбоотой албан тушаалтнууд нь хариуцлага хүлээхээр яригдаж байна. Зарим нь өнгөрсөн хавар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Харин тухайн үед төрийг төлөөлж ажиллаж байсан хил, гаалийн дарга нар шалгуулж байгаа эсэх нь бүрхэг. Зарим нь дэвшээд “Ерөнхий газар”-таа улам том дарга болоод явж л байна.

Жилийн өмнө УИХ дээр “...Нүүрс бүртгэлгүй гараад байдаг юм бол тэнд нь хяналт тавиагүй Хилийн цэргийн, Хилийн тагнуулын газрын даргатай хариуцлага тооц л доо. Нүүрсний машиныг бүртгэлгүй гаргаж байгаа тэр хилийн цэргийн даргадаа хариуцлага тооц л доо. Бүрдүүлэлт хуурамчаар хийхэд тэрэнд хяналт тавиагүй гаалийн даргадаа хариуцлага тооц” гэсэн шаардлагыг хүртэл сөрөг хүчний зүгээс тавьж байв. Түүнээс гадна энэ нь зөвхөн мөргөцгийн хулгайгаар зогсохгүй. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнө ч ийм үйл ажиллагаа явагдаж, олон мянган тонн нүүрс ийм байдлаар хил давуулсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР