МАНАН-гийнхан АН-д "үүр"-лэлээ
АН гэж үйлтэй нам юм. Нам үйлтэй байна ч гэж юу байхав, жирийн гишүүд нь намаа хуучин хэвэндээ орохыг харах хэцүүхэн л болчих шиг боллоо. Шал өөр эзэдтэйгээр өндийх гэж оролдож байна. Ямар ч байсан одоогийн Лу.Гантөмөр гэдэг даргатайгаа сонгуульд орох нь тодорхой юм. Харин Лу.Гантөмөрийн толгойг АН-ынхан бус МАНАН-гийнхан мэддэг болж буй бололтой.
Жишээ нь Б.Хурц сүүлийн үед АН-аас салахаа больсон. Ямар нэг юм болохоор АН-ын тугны өмнө зогсож байгаад л хувийн чанартай мэдээлэл хийж, мэдэгдэл хэлдэг болов. Хамгийн гол нь тэрбээр эвлэж ядаж буй АН-ын "ерөнхий менежер" хийж байна. "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг задаллаа" гэх мэдээлэл тарах үеэр "...Энэ асуудал Б.Хурц руу явах юм шиг байна.
Яагаад гэвэл Б.Хурц АН-ын эвлэлдэн нэгдэхэд менежер хийсэн. Хөрөнгө санхүү босгоход Б.Хурц гэдэг хүний үүрэг маш их байгаа учраас эрх баригч нам олон нийтэд буруу харагдуулахаар оролдож байна" гэсэн "мессеж" тарааж байх жишээтэй. "...Цааш нь ярих уу" гэдэг шиг үргэлжлүүлбэл дандаа АН-д илүү эрх мэдэлтэй байгаа нь дандаа МАНАН-гийнхан байна. Нэг үгээр хэлбэл, нэгэн цагт МАН-д "үүр"-лэж явсан МАНАН-гийнхан одооноос АН-ыг түшиж эхлэв бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР