Монголын сагсан бөмбөг клубийн түвшинд Азид гарахаар боллоо

Нийтэлсэн: Админ 2023-01-10 9:26:00

60 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн хөгжил, түүхийн шинэ хуудас нээхээр боллоо. Зүүн өмнөд Азийн найман улсын баг өрсөлддөг ASEAN Basketball League-т Монгол Улс өрсөлдөх цаг хаяанд иржээ.

Өнгөрөгч долоо хоногт Сингапурт ABL-н ээлжит бус хурал болсон бөгөөд цар тахлаас хойш анх удаагаа Азийн клубийн эзэд чуулж, дараагийн таван жилийн төлөвлөгөөгөө ярилцжээ. Хуралд Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамын найман багийн төлөөлөл гишүүнээр оролцсон бол зочин багаар Монгол сагсан бөмбөгийн дээд лигийн М Гарьд баг оролцсон байна.

Тэд Монголын сагсан бөмбөгийн хөгжил сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг онцлоод, зөвхөн шигшээ багийн түвшинд биш, клубын түвшинд Азид ур чадвараа сориход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

ASEAN Basketball League-н 2023-24 оны улирал 11 сард эхлэх бөгөөд Монгол Улсын сагсан бөмбөгчид өөрийн эх орондоо Азийн клубүүдийг хүлээн авч тоглодог, хагас жилийн турш Азийн бусад улсуудаар зочилж тоглодог болох нь ээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрөгч 11 сард Монгол Улсад ирсэн Малайзын шигшээ баг тус тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээр нэг баг болон тоглож байгаа нь тэмцээний чансаа хэр өндөр болохыг илтгэж байна.