Япон улсаас Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулах боллоо

Нийтэлсэн: Админ 2022-08-23 16:23:00

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр зочдыг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн зүгээс Монгол Улсад Зүрх судасны мэс заслын төв хандивлан, байгуулах болсон талаараа мэдэгдлээ. Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Токүшүкай медикал группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ:

-Манай айлчлалын баг Монголд ирээд нийт дөрвөн эмнэлгээр зочилж, танилцсан бөгөөд тэдгээр эмнэлэгт тодорхой хэмжээний тусламж үзүүлэх бодолтой ирсэн. Одоогоор Зүрх судасны мэс заслын төв байгуулах эмнэлгээ сонгоогүй байгаа. Токүшүкай группийн үүсгэн байгуулагч анх Японы хамгийн сүүлийн үеийн, дэлхийд тэргүүлэх эмнэлзүйн аргыг дэлхий дахинаа түгээхийг зорьж уг группийг байгуулсан. Түүний энэхүү бодлогыг би уламжлан авч, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн барилга байгууламж бариад зогсохгүй хүний нөөцийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийн тусламж бас үзүүлэх юм.

-Ямар шалтгаанаар энэхүү төвийг байгуулж байгаа вэ?

-Би өөрөө Япон улсдаа хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Иймд зүрх судасны өвчний салбар гэдэг надад ойр байдаг. Түүнчлэн манай групп зүрх судас болон дотрын мэс заслаараа алдартай нь хүний нөөцийг хөгжүүлэхэд давуу тал олгож байна.

-Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Хөрөнгө оруулалтын хэмжээг би яг одоо хэлэх боломжгүй. Үүнийг Токүшүкай группийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлээд бодитой дүнг мэдэгдэх болно. Миний бодлоор 500-600 сая иен байх болов уу.

-Цаашдаа өөр төрлийн төв байгуулах уу?

-Манай эмнэлэг дотор эрхтэн, дурангийн хагалгаагаараа маш алдартай. Тиймээс тоног төхөөрөмжөөс гадна сургалт, судалгааны ажил дээр туслах боломжтой гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан:

-Японоос Монголд Зүрх судасны мэс заслын төв байгуулж өгөх болсны хүрээнд манай зүгээс эмч нараа чадавхжуулах, хүний нөөцөө хөгжүүлэх, япон эмч нарыг солилцоогоор авч ирэх, туршлага солилцох зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаараа ярьж, хэлэлцлээ. Бид Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлэг, Япон, Монголын сургалтын эмнэлэг зэргээр орж, танилцсан. Манай улсын гол Зүрх судасны төв Улсын гуравдугаар эмнэлэгт байгаа бөгөөд тус байгууллагад ТЭЗҮ хийсэн бэлэн төсөл бий. Токүшүкай групп их чадамжтай, том эмнэлгүүдийн нэгдэл учраас бусад эмнэлгүүдтэй эмчилгээний тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзсэн хэмээсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

  • Зочин

    2022-09-03 | 1:57:43 Хариулах

    bunadisisj nsjjsjsisjsmizjzjjzjzz zumzsert

  • -->