Л.Оюун-Эрдэнэ: Ахмадын баярын Мэндчилгээ

Нийтэлсэн: Админ 2021-10-01 9:27:06

Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө цуцалтгүй тэмцэж, хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлье.


Монголчууд эртнээс эдүгээг хүртэл эх орон, тусгаар тогтнол, уламжлалт амьдрах ухаан, үндэсний өв соёл, эв нэгдэл, эрдэм боловсрол, ахмад үе, ахас ихсээ хүндэлж, ажил хөдөлмөр, байгаль дэлхийгээ дээдэлж ирснээс гадна эх хэл, гэр бүл, үр хүүхэд, хүн хүнээ дээдлэх ёсыг өндөрт өргөсөөр түүхэн он цагийг туулж өнөөг хүрсэн билээ. Өнөөгийн бидний сайн сайхны төлөө хөлс хүчээ шавхан цуцалтгүй хөдөлмөрлөж, үр хүүхдийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад үеийнхэндээ гүн талархал илэрхийлж байна. 

Та бүхэн маань хойч үеийнхээ сайн сайхны төлөө өөрсдийн хуримтлуулсан арвин их мэдлэг, туршлагаа бидэнтэй хуваалцаж, цаашид үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт миний бие итгэл дүүрэн байгаа бөгөөд эрхэм хүндэт ахмад буурлууд Та бүхнийгээ хүндлэн дээдэлж, халамжлан асрах нь хүний ёс, монгол төрийн үүрэг билээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Ардын Намын бодлого мөрийн хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирсэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод дундаж орлоготой иргэдийг дэмжих тусгайлсан зорилт дэвшүүлж, амьдралын чанарт анхаарал хандуулж байгаа нь төр засгийн зүгээс орлогын тэгш бус байдлын эсрэг цогц байдлаар анхаарал хандуулж буй анхны томоохон алхам юм.

Монгол Улсад ахмад настнаа дэмжсэн нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж, халамжийн тэтгэвэр, тэтгэмж, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хөгжпийн үйлчилгээ зэрэг нийт 9 төрлийн нийгмийн халамж, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Ахмадууддаа зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш та бүхнийхээ амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээгээр тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тэтгэврийн даатгалын тогтолцоог бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих үе шатыг эхлүүлэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоог бүрдүүлэхээр манай Засгийн газар идэвхтэй ажиллаж байна.

Цаашид ахмад настнуудынхаа эрүүл мэнд, амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө бид тууштай бодлого боловсруулан хэрэгжүүлж, гавьяаны амралтаа эдэлж буй ахмад, буурлуудаа сэтгэл түгших зовлонгүй, дутагдаж гачигдахын бэрхшээлгүй, амгалан тайван амьдруулах нөхцөл бололцоогоор хангахын төлөө хичээнгүйлэн зүтгэж ажиллах болно.

Монголын нийт ахмад, буурлууд та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ