Монголын жүжигчид дэлхийн тавцанд гарлаа, хэзээ дэмжих вэ?

Нийтэлсэн: Админ 2020-09-28 14:34:00

“Монголын кино урлаг уналтад орлоо” гэж шүүмжлэх хүн олон бий. Унахаас ч яах вэ гээд тэднийг нэг удаа өмөөрье. Наашаа гээд олигтой дэмжих төргүй юм, арга ч үгүй биз. Орон байраа хүртэл барьцаалан арай ядан бүтээл туурвихад мөнгөө төлөөд үзэх хүн тун цөөн. Бас дэмжиж, тэтгэх нь манайд хэд билээ. Ойрмогхон бүтээсэн монгол кино гэхээр толгойд юу бууж байна. Дийлэнх нь арилжааны болон улстөрийн захиалгат сэдэв дор уначихалгүй тогтож байгаа байдал уу. Энэ бол өдөр хоногийг аргацааж буй тэдний үнэн төрх.

Ийм байдлаар кино урлаг урагшаа хараат, тунгалаг оршино гэхэд хэцүү. Уг нь улс орон, нийгмийн чухал салбар нь кино урлаг юмсан. Тэгвэл манай төр засаг кино урлаг гэхээс илүү спортын салбараа овоож оцойтол нь тэтгэж буйг бүгд мэднэ. Энэ хоёр салбарт тусах төрийн халамж эрс ялгаатай байгааг ч хэлж болно.

Нэгэн жишээ, тамирчид олимп, ДАШТ-ээс медаль аваад ирэхэд нь насан турш эдлэх цалин урамшуулалыг төр засгаас харамгүй олгож байна. Олон улсын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт, байр, хоолны зардалд нь хүртэл гар татдаггүй. Тамирчид тив, дэлхийд Монголын нэрийг цуурайтуулж, олон бахдам амжилт үзүүлэн залууст үлгэр дууриалал болж байгааг энд орхиж болохгүй. Тэгвэл монгол жүжигчид дэлхийн тавцанд яав. Саяхан “Black Stallion” продакшны бүтээлд монгол жүжигчин Б.Ганчимэг дүр бүтээж, улаан хивсний ёслол дээгүүр бахдалтай нь аргагүй алхана билээ. Эл кинонд түүнээс арав гаруй монгол жүжигчин туслах дүр бүтээсэн юм. Мөн хэдхэн хоногийн өмнө Б.Хандсүрэн гэгч монгол жүжигчин холливудын “Сувилагч Рэйтчед” хэмээх олон ангит кинонд дүр бүтээж, анхаарлын төвд орж байна. Кино жүжигчид маань Монголын нэрийг бишгүй дээ сайнаар дуулгаж байгаа биш үү. Одоо тэднийг төр засаг нь бодитой дэмжлэг үзүүлэх цаг нь ирсэн гэлтэй санагдана.

Б.Болд