Тэргэнцэртэй бүсгүй Ч.Тунгалагтуяа Мөнхсарьдагийн оргилд авирна

Нийтэлсэн: Админ 2020-01-14 12:20:00

Тэргэнцэртэй тамирчин Ч.Тунгалагтуяа ОХУ-ын Буриадын тэргэнцэртэй уулчинтай гуравдугаар сард Мөнхсарьдагийн ноён оргилд авиралт хийхээр болжээ. Ингэхдээ Буриадын тэргэнцэртэй уулчин Мөнхсарьдагийн хойд талаас, харин манай уулчин урд талаас нь авирах юм байна. Авиралт нэг өдөр болох бөгөөд оргил дээр зэрэг гарч хоёр орны тэргэнцэртэй охид уулзах аж. Мөнхсарьдаг нь оргил цэг дээрээ Монгол, ОХУ-ын хил дайран өнгөрдөг байна. Монголд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 120 мянган иргэний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготойг энэхүү авиралтыг зохион байгуулагчид онцолж хэлэв. Тэд Ч.Тунгалагтуяагийн хүйтний болон өндрийн мэдрэмж, биеийн байдалд хэрхэн өөрчлөлт орж буйг шалгах зорилгоор энэ сарын 17-18-нд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд авиралт хийхээр зорьжээ. Ч.Тунгалагтуяа нь зураач, тэргэнцэртэй туялзуур сэлэмний тамирчин бөгөөд сайн дураараа хүүхдэд зориулсан уран зургийн дугуйлан ажлуулдаг юм байна.