Өнөөдрөөс нийт нутгаар сэрүүсч, цас орно

Нийтэлсэн: Админ 2019-10-10 12:31:00

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны хүрээлэнгийн газраас  анхааруулж байнаАравдугаар сарын 10-аас буюу өнөөдрөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим газраар хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурч эхлэх аж. Тиймээс малчид, иргэд цаг агаарын урьдчилсан мэдээллийг авч, төлөвлөлтөө хийх ёстойг албаныхан анхааруулж байна.

Маргаашнаас буюу аравдугаар сарын 11, 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, уулаараа цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, аравдугаар сарын 13-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө   11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.