Баян-Өлгийн ургийн наадамд Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Н.Мустафа үзүүрлэв

Нийтэлсэн: Админ 2019-07-25 11:29:05

Баян-Өлгий аймагт өчигдөр/2019.07.24/ Ботахар-Нура омгийн Казыбайн Байтемир агсны 75 жилийн ойд зориулсан ургийн наадмыг зохион байгуулжээ. Аймгийн төвөөс 14 км-ын зайд байрлах Шар нуур хэмээх газарт болсон уг наадам бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон казах үндэсний спортын төрлүүдээр болжээ.

Казыбайн Байтемир агсан Баян-Өлгийд төрсөн бөгөөд аймгийн Авто тээврийн 21 дүгээр бааз, Зам гүүр ашиглалтын конторт он удаан жил бүр бүтээлтэй ажиллаж байжээ. Түүний үр хүүхэд энэхүү наадмыг зохион байгуулахаар Казахстанаас Өлгий хотод хүрэлцэн ирж, аавынхаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, нэр алдрыг нь мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. Тиймээс шагналын сан өндөртэй буюу үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүдэд машин, их шөвгийн бөхчүүдэд мотоцикл бэлэглэжээ.

Хүчит 128 бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага  Н.Батзаяа, Д.Анар, О.Хангай, Улсын начин Б.Баатарцол, Б.Серик тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой бөхчүүд барилдсан.

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэжээ. Барилдааны их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээний бөх, Улсын гарьд Б.Гончигдамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл компани, “Ховд” дэвжээний бөх Улсын харцага О.Хангай үлдсэн байна.

Бөхийн барилдааны дөрвийн даваанд аймгийн арслан М.Еркебулан Улсын аварга Н.Батсуурийг, аймгийн арслан Н.Мустафа Улсын арслан П.Бүрэнтөгсийг давж, наадамчин олноо баясгажээ.

Барилдааны түрүү бөхийг Parado 120, үзүүрлэсэн бөхийг Pruis 30 маркын автомашинаар шагнасан байна.

Хурдан морины уралдаанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат А.Ерханатын хүрэн морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлжээ. Мөн казах үндэсний спортын төрлийн тэмцээн болсноос гадна айтыс буюу харилцаа дууны тэмцээнийг зохион байгуулсан байна.

БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮЙЦ:

ТАВЫН ДАВАА:

  • Улсын гарьд Б.Гончигдамба – Улсын заан Б.Соронзонболд
  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн хурц арслан Б.Баянмөнх
  • Улсын харцага О.Хангай – Улсын начин Б.Чимэпвандан
  • Аймгийн арслан Н.Мустафа – Аймгийн арслан М.Еркебулан

ЗУРГААГИЙН ДАВАА:

  • Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Н.Мустафа
  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын харцага О.Хангай

ДОЛООГИЙН ДАВАА:

  • Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Н.Мустафа

  • Зочин

    2019-07-25 | 17:01:17 Хариулах

    Хѳѳрхий Батсуурь тэргүүтэй ѳлѳн зѳлмѳн ѳссѳн бѳхѳнцѳрүүд хаа газар аяга тагш горьдсон архичин хэдэн зоосноос биеэ үнэлэгчээс ялгаа алга даа.Хэдэн хасгууд хоорондоо барилдаад нэг нь унаатай болно биз дээ.

  • -->