Шилжин суурьших хөдөлгөөнийг 60 хоног хязгаарлана

Нийтэлсэн: Админ 2024-04-17 14:41:05

Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийн энэ дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно. Учир нь  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Мөн  Улсын бүртгэлийн ерөнхий газраас  сонгогчийн нэрийн жагсаалтыг гаргаж байна.

Улаанбаатар хотод хаягийн бүртгэлтэй 1.7 сая иргэн байна. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахад  1.094.318 иргэн бүртгэгджээ. Гэхдээ Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирэх бөгөөд эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалтаа хийлгэдэггүй. Энэ нь уг хаяг дээр олон хүн амьдардаг юм шиг харагддаг. Тиймээс иргэд та бүхэн заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай.

Түүнчлэн тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр нь танихгүй, гэр бүлийн биш хүн хүмүүс байвал Улсын бүртгэлийн ерөнхий газарт өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн өөрийн  оршин суугаа хаягийн мэдээлэл болон нийт сонгогчийн мэдээллийг www.election.burtgel.gov.mn цахим хуудаснаас харах боломжтой.