Томрох тусам ЁС ЗҮЙГ умартаж буй Ц.Баатарсайханы бизнес

Нийтэлсэн: Админ 2024-04-02 14:10:48

"Топ 100" аж ахуйн нэгжийн эгнээнд дурайж л байдаг "Таванбогд фүүдс" ХХК хөгөө чирч байна. Тэд 2013 онд "YUM! Asia Franchise Pte. Ltd" компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шарсан тахианы сүлжээ газруудыг нийслэлийн булан тохой бүрд нээсэн юм. Ингэж түргэн хоолны бизнес манай оронд шувууны ханиад шиг хурдтай тархан хөгжиж, Таванбогдын ургийн мод салбар салбарт саглайн ургасан түүхтэй.

Гэвч тэд тэлж, томрох тусмаа хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэлд гаршиж байна. Бүх зүйлийн тэргүүн эгнээнд данхайж байдаг богдын толгой энэ удаа ч бөхийсөнгүй. 

Баярын сэтгэл дээр хөлжих гэж оролдоод хөл алдсан КFC-ийнхэн олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан мэндчилгээ хүргэхдээ бусдын зургийг зөвшөөрөлгүй авч ашигласан нь олны нүдийг орой дээр нь байтугай аягандаа ч тогтохгүй болтол гайхшруулж, "франчайз дархтаны сюрпрайз" барив. Ашиглах ашиглахдаа эмэгтэй хүний нүүрний зургийг эрэгтэй хүний их биеийн зураг дээр эвлүүлж, засварласан байлаа. Энэ бол ёс зүйгүй, мөнгөндөө гар татсан хүмүүсийн сурсан зан ч биз. Олон гол урссаар нэг далайд цутгах шиг алдаануудыг давхарлаж будлаа ч Ц.Баатарсайханы хөргийг л зурах нь дамжиггүй.

Сурсан занг сураар ороож болохгүй гэдгийн үлгэрээр Таванбогд фүүдсийн ёс зүй үхсэн тахиаг амьдруулаад ч сэргэхээсээ өнгөрсөн нь муудсан махнаас ч "эхүүн үнэн" юм. Ёроолгүй "ходоод" хэнийг ч залгиж мэднэ.

Энэ ёс суртахуунгүйн гүн харанхуйд төөрсөн бизнесийн хохирогч болсон жүжигчин У.Уянгын хэлснээр "мэнгийг нь хүртэл арилгасан" байж. Ингэж маркетинг хийх нь хэний зангасан сургаал вэ. 

Алдарт KFC монголд шалбаагт хутгалдаж, хордлого, өмхий, чанарын бус гэх мэт хараал ерөөлд цавчуулж буй. Тухайн байгууллага өөрийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн зургаа устгасан ч иргэдийн ой санамжийг хэрхэн арилгаж дөнгөх билээ. Тэгвэл энд цавчуулж буй "брэнд"-ийн талаар цухас дурдъя.

Дэлхий даяар "Yum Brands, Inc, заримдаа зүгээр л Yum!" гэж нэрлэдэг. Өмнө нь "Tricon Global Restaurants, Inc" нэртэй байсан тус брэнд нь "Fortune 1000" жагсаалтад багтсан Америкийн үндэстэн дамнасан түргэн хоолны корпораци юм. KFC, Pizza Hut, Taco Bell, The Habit Burger Grill зэрэг брэндүүдийг ажиллуулдаг. Yum! өмнө нь Long John Silver's болон A&W ресторануудыг эзэмшдэг байсан. Тус компани нь 1997 онд PepsiCo-ийн салбар хэлбэрээр байгуулагдаж байжээ. Системийн нэгжийн хувьд дэлхийн хамгийн том түргэн хоолны ресторануудын нэг юм. Дэлхийн 155 гаруй улс орон, нутаг дэвсгэрт 55,000 гаруй ресторан ажиллуулдаг агаад үүнд нь 1500 орчим франчайз багтдаг байна. 2022 оны байдлаар компанийн нийт орлого 6.840 тэрбум ам.доллар байсан. Компанийн нийт өмч 2019 онд 8.016 тэрбум ам.доллар, ажиллагсдын тоо 34 мянга байжээ.

Энэ хэрээс хэтэрсэн үйлдэл нь Таванбогд группыг томоохон эрсдэлд унагааж болзошгүйг хуульчид хэлж буй.

Мэдэгдвээс, нэр алдар нь улс дамнан түгсэн бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр шүүхийн хаалга ч татаж мэднэ. Цахим орчин хийсвэр байг, харин үнэн бол бодит байдал гэдгийг ойлгож ухаарч байгаа дүр эсгэсэн соёл ч охин компаниас нь цухалзсангүй. 

Энэ тухай сошиалд юу өгүүлснийг эндээс хараарай

Эх сурвалж: 24tsag.mn М.Жаргал