Хамаг эрх мэдлээ хасаж, хамгийн олон гишүүн нь бүрэн эрхээсээ “хагацсан” парламент

Нийтэлсэн: Админ 2024-03-22 9:14:00

Уг нь энэ парламент Монголын парламентын түүх, ер нь л Монголын улс төрийн түүхэнд үлдэх том реформыг хийсэн юм. Гэхдээ энэ талаар төдийлэн яригдахгүй л байна. Магадгүй, ярихыг хүсэхгүй ч байж мэдэх юм. Ямар ч л байсан хэдхэн сарын дараа шинээр бүрэлдэх парламент, түүнийг дагаад бүрдэх засаг төрийн бүрэлдэхүүн дээр энэхүү реформ хэрэгжээд эхлэхээр мэдрэгдээд эхэлж таарна.

Та бод доо. Эрхэм гишүүн гэж хэн бэ. Эрх мэдэл гэдэг юу вэ. Энэ асуулт өмнө нь нэг л хариулттай байв. Эрхэм гишүүнийг эрх мэдэл дагадаг. Эрх мэдэл эрхэм гишүүнд л байдаг. Ийм байв. Тэгвэл энэ парламент том албан тушаалтнуудын хамаг эрх мэдлийг хассан Тийм хууль тогтоомжуудыг баталсан. Түүнийг дагаад эрхэм гишүүн эрх мэдэлгүй болчихсон. Шууд утгаараа, энэ гишүүд өөрсдөдөө халгаатай олон хуулийг гаргачихсан байгаа юм. 
Тэд Засгийн газраас өргөн барьсан Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах эрхзүйн санаачилгыг бараг 100 хувь дэмжиж баталсан. 

Товчхон жагсаахад, энэ парламентын хуульчилснаар “…Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлсэн”, “…Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй”, “….Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй”, “…Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй”, “…Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасна”, “…Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасна”, “…Улстөрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохгүй”, “…Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахгүй” болсон. 

Угтаа энэ бол урьд нь парламентын гишүүний суудлыг эрх мэдэл, бүрэн эрхийн дор дуртай бүхнээ хийдэг байсан тогтолцоог халчихсан юм Тэр утгаараа, эрхэм гишүүн, эрх мэдэл хоёр одоо шал өөр хариулттай болчихсон. Нөгөөтэйгүүр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын парламентын түүхэнд хамгийн олон гишүүн бүрэн эрхээсээ “хагацсан” байна.

Нэг хэсэг нь өөр албан тушаалд очихоор өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Эсвэл ямар нэг эрсдэлээс хамгаалж чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нөгөө хэсэг нь Улсын ерөнхий прокурорын саналаар, бүрэн эрхээсээ “салсан” байдаг юм. 
Тухайлбал, Д.Сумьяабазар Хотын дарга болохоор гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт өгч, түүнийг нь парламент 2020 оны аравдугаар сарын 23-нд дэмжиж шийдсэн. 

Ж.Мөнхбат “…Хувийн шалтгаанаар бүрэн эрхээсээ татгалзахаар шийдлээ” гэснийг нь 2023 оны гуравдугаар сарын 23-нд хэлэлцээд чөлөөлсөн. 
Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг Улсын ерөнхий прокурор “…Бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгая” гэсэн учир парламент 2023 оны гуравдугаар сарын 30-нд чөлөөлөөд явуулсан.
Х.Нямбаатар Хотын дарга болсон учир өргөдлөө өгч, 2023 оны аравдугаар сарын 12-нд чөлөөлөгдсөн.

Тэдний суудпал онгорхой хэвээрээ дараагийн сонгуультай золгож байна. Хамгийн гол нь Монголын парламент урьд нь гишүүдээ чөлөөлөх тал дээр ингэж нээлттэй байж үзээгүй юм. Байсгээд л, ер нь парламент бүр дээр эрхэм гишүүдийг олон, цөөнөөр нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор гаргадаг. Парламент аваад л үлддэг. Ийм л байсан. Гэхдээ 1996-2000 оны парламентын үед казиногийн хэргээр нэр бүхий гурван гишүүнийг чөлөөлснийг эс тооцвол түүнээс өмнөх хойдох бүх ийм тохиолдолд гишүүдээ аваад л үлддэг байлаа. Ганцхан жишээ хэлэхэд, ЖДҮ-гийн хэрэг дээр яалаа даа. “…Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлж шалгая” гээд Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёр нь хэдэн өдөр хэдэн шөнө парламентын хуралдаануудыг сахиж суугаад “авч гарч” чадаагүй л явсан. Энэ мэтийн жишээ зөндөө л бий.

Харин одоо өөр болсон байна. Цаашдаа ч авч үлдээд байх боломж хомс болчихсон. Түүнээс өмнө “…Эрхэм гишүүн боллоо” гээд эрх ямба эдлэхээ нэгэнт больчихсон. Зөвхөн эрхэм гишүүн ч бус хуулиар “нэрлэсэн” өндөр албан тушаалд очсон хүн өөрөө байтугай ойр төрлийнхөн нь ч хамаг байдгаа ухуулна. Үүнийг “...Шинэ парламентад орно” гээд нам намын үүд сахиад оочерлож суугаа олон зуун “улстөрчид” мэдэж л байдаг байгаа даа.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин Б.Гарьд