УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох тухай хэн юу хэлэв

Нийтэлсэн: Админ 2023-05-19 11:53:00

Засгийн газраас УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулан өргөн барьсан. Гэвч олон нийт дэмжээгүй учир УИХ-д суудалтай гурван 126 болгохоор зөвшилцөж төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Мөн 126 гишүүнийхээ 76-г нь тойргоос, 50-ийг нь намын жагсаалтаар сонгоход санал нэгдсэн. Гишүүдийн тоог 126 болгох, сонгуулийн тогтолцоо нь мажоритар давамгайлсан байх нь зөв, буруугийн тухай хэн юу хэлснийг хүргэе.

М.Оюунчимэг: -УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Энэ төлөөллийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сая тойрогтоо ажиллахад 120 дотор бол нэмж болно, 152 бол хэрэрхий их байна гээд 80 гаруй хувь нь дэмжихгүй байсан. Тиймээс УИХ-д суудалтай гурван нам нэгдээд 126 болгож байна. 126 гишүүний 76-г нь заавал тойргоос сонгохоор байгаа нь зөв эсэхэд эргэлзэж байна. Харин ч нэмэгдүүлэх хэрэгтэй. Ядаж 78:48 байж болно шүү дээ.

Ц.Идэрбат: -УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа хүмүс бол 76-гийн нэг байж кнопоо үнэд хүргэх гээд байгаа хүмүүс гэж ойлгож байна. УИХ-ын гишүүдийн тоог хамгийн ихдээ 120-оос хэтрүүлж болохгүй гэдгийг иргэд хэлсэн. Гэхдээ иргэд ингэлээ гээд хасчихаар судлаачдын хүсэн хүлээж байсан үр дүн гарах уу, үгүй юү гэдэгт эргэлзэж байна. 

Д.Батлут: -Иргэд гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байна. Харин сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бол дэмжиж байна. Одоо 126 болж байна. Иргэд бүр 76 хэвээрээ байх ёстой гэж байсан. Зарим иргэд 99, 108 болгох нь зөв гэж байсан. 

Ж.Сүхбаатар: -УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна, УИХ-ын гишүүний гуравны нэгээс доошгүйг хувь тэнцүүлэн хуваарилах арга зарчмаар сонгоно гэж хуульчлах ёстой. Гуравны нэгээс доошгүй нь гэхээр үлдсэн хэсэг нь мажоритар байж болно гэсэн үг. Хууль зүйн техникийн хувьд ийм л байх ёстой. 76:50 гэж хувааж байгаа нь зөв биш. Бусад улс орнууд 50:50 хувиар хуваахдаа парламентын гишүүний хагасыг нь мажоритар, хагасыг нь пропорциональ тогтолцоогоор сонгоно гэж хуульчилдаг. Ер нь тоогоор заах бус хувьчилж заадаг. Тохирсон зүйлээ өөрчлөхгүй гээд ингэж баталчихаад 2024 оны сонгуулийн дараа дахиад Үндсэн хуулиа өөрчилье гээд сууж байх вий дээ.