ЗГ: 10,000-аас дээш хүн амтай сумын шөнийн цахилгааныг тэглэнэ

Нийтэлсэн: Админ 2020-09-23 7:21:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ.

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт үзүүлж байгаа 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болгов.

Азийн авто замын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах нийт 18.82 км авто зам, 201 метр төмөр бетон гүүрийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралтаар баталлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлж, үргэлжилж байна. Ерөнхий сайдын орон нутагт ажилласан ажлын тайлан зэрэг нийт  11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Мөн Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай журам батлах эсэх зэрэг 11 асуудал багтжээ.

Засгийн газрын хэлэлцэж буй асуудлын талаар мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.