Л.Жаргалсайхан: Цианид хурдан задардаг хоруу чанар багатай, харин мөнгөн ус урагт нөлөөлдөг

Нийтэлсэн: Админ 2021-01-11 11:56:56

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Л.Жаргалсайхантай ярилцлаа.


-Тантай цианидын талаар ярих гэсэн юм. Энэ бодисын аюултай хэрэглээнээс болж байгаль орчин, хүн мал сүйдэж байна гэдэг мэдээлэл гарах юм. “Үхлийн хор”, “Хаан хор” гээд л нэрлэж байна. Ер нь цианид гэж ямар бодис юм бэ?

-Цианы ион гээд нүүрстөрөгч, азотын бүрдсэн нэгдэл. Хоёр атомоос бүрдэж байгаа учраас задардаг гэсэн үг. Тийм л бодис. Хэрэв хүн цианидад хордвол тэр дороо илэрнэ. Шууд хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгал боогдож, улмаар энэ нь үхэлд хүргэнэ. Харин мөнгөн ус бол элемент учраас цианид шиг задрахгүй.

-Алтыг олборлоход заавал цианид хэрэглэх ёстой юу. Мөнгөн ус хэрэглэх нь илүү хялбар бөгөөд аюул багатай биш үү?

-Дэлхий нийтээр алтны үндсэн орд олборлоход ер нь бол хоёр л төрлийн бодис ашигладаг. Практикт өргөн нэвтэрсэн гэсэн үг. Нэг нь цианид, нөгөө нь мөнгөн ус.

-Цианид, мөнгөн ус хоёрын аль нь илүү хоруу чанар өнөдртэй байдаг вэ?

-Мэдээж мөнгөн ус. Мөнгөн ус нь цианидаасаа илүү хор нөлөөтэй. Мөнгөн усны бохирдол үүсвэл устгах, задлах боломж гэж бараг байдаггүй. Химийн элемент учраас мөнгөн ус өөрөө задардаггүй. Хоруу чанар маш өндөртэй. Байгаль орчинд ч, хүн, малд ч мөнгөн ус маш хортой.

-Ямар нэгэн байдлаар алтны үндсэн ордод ашигладаг энэ хоёр бодис алдагдлаа гэж бодъё. Хүнд яаж нөлөөлөх вэ?

-Мөнгөн ус хүний биед орвол төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Үр удамд нөлөөлж, мэдрэлийн гажигтай хүүхэд төрөх магадлал маш өндөр учраас мөнгөн ус их хортой. Харин цианид бол маш хурдан задраад алга болчихдог. Хүний биед орсон бол цианидын биологийн задрал нь 20 минут байдаг гэдэг. Бага хэмжээний цианидаар хүн хордлоо гэхэд 20 минутын дотор л тэр бодис нь задраад алга болчихдог гэсэн үг л дээ.

-20 минутын дотор л байхгүй болчихдог юм бол цианидыг яагаад тийм аюултай гээд байдаг юм бол. Яагаад “Үхлийн хор” гээд байдаг юм бэ?

-Цианидаар хордонгуут үхэлд хүргэх тун л биш бол биед ороод 20 минутын дотор задарч, хамгийн сүүлдээ В12 витамин болж задардаг. Харин тун нь өндөр бол шууд амьсгал боогдож, хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэлд хүргэдэг. Харин мөнгөн ус бол задрахгүй. Хүний биед орвол зайлах хугацаа л гэж бий. Хөлс, өтгөн, шингэнээр гадагшлах гэж хоёр сар болдог. Тэгээд ч бүрэн гадагшлахгүй, үлдсэн хэсэг нь дахиад хоёр сарын дараа гадагшлах жишээтэй. Урагт нөлөөлж, төв мэдрэлийн системийг гэмтээж, өчнөөн удаан хугацаанд хоруу чанар нь илэрдэг. Тийм учраас дэлхий нийтээрээ цианидыг илүү хэрэглэж байгаа юм. Дэлхий нийтээр Минаматагийн конвенцоор мөнгөн усыг уул уурхай, алтны олборлолтод хэрэглэхийг хориглочихсон. Харин цианидыг бол хориглосон зүйл байдаггүй. Орлуулах өөр бодис гараагүй учраас хэрэглээд л явж байна.

-Таны ярианаас өндөр тунтай цианидад хордвол амьсгал боогдоод шууд үхэлд хүргэдэг гэж ойлголоо. Түүнээс урагт нөлөөлөх ч гэдэг юм уу хоруу чанар байхгүй гэж ойлголоо. Зөв үү?

-Цианидад хордсоноос болоод хавдар үүсгэх ч юм уу, үр удамд нөлөөлөх гэсэн тийм үйлчлэл байхгүй. Маш хурдан үйлчилж, үхэлд хүргэх тунд хүрсэн бол үхэлд хүргэдэг. Байнга, удаан хугацаанд цианидыг тодорхой давтамжтай хэрэглэсээр байвал хүчилтөрөгчийн дутагдалд орох аюултай.

-Цианидыг байнга, давтамжтай хэрэглэнэ гэдэг юу гэсэн үг вэ?

-Цианид байгаль дээр маш элбэг бодис. Тамхи татдаг бол цианид хэрэглэж л байна гэсэн үг. Хар чавга, чангаанз, бүйлс гээд ястай самар, жимснүүд ч цианидыг их хэмжээгээр агуулж байдаг юм. Үр тарианд ч цианид агуулагддаг.

-Тэгвэл бид өдөр тутамдаа цианид хэрэглэж байдаг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Тамхи татаж байхад цианид ялгарч л байдаг. Цианид агуулдаг жимсний орцтой жүүс ууж байвал бас цианид хэрэглээд байна л гэсэн үг. Гэхдээ бид жүүсийг өдөр бүр, литр литрээр нь уугаад байдаггүй. Хааяа л уудаг шүү дээ. Хэрэв ус шиг өдөрт багадаа л 2 литрээр нь уугаад байвал цианидын архаг хордлогод орж болно. Харин бага багаар, эсвэл хааяа уудаг бол хүнд нөлөөлөл багатай л гэсэн үг. Хэрэв жүүсэнд агуулагддаг хэмжээгээр цианид ундны усанд агуулагддаг байгаад, түүнийг нь өдөр бүр их хэмжээгээр уудаг байсан бол мэдээж хордлогод орно. Цианид бол байгаль дээр байдаггүй эд биш байхгүй юу. Үргэлж үүсч байдаг, үр тарианд хүртэл байдаг л бодис. Бага хэмжээгээр агуулагддаг тэдгээр хүнсийг зохистой хэрэглэхэд аюулгүй байдаг шиг цианидыг уул уурхайд ашиглахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа сайн хангаж ажиллах ёстой юм.

-Сая цианидын сулруулсан уусмал асгарлаа гэдэг зүйл ярьж байна. Газрын хөрсөнд асгарсан тохиолдолд задарчихдаг юм бол хэр аюултай вэ?

-Газрын хөрсөнд их хэмжээгээр асгараад тэрийг нь мал уучихгүй л бол задраад л алга болно. Гэтэл алтны үйлдвэр өөрөө бас цианидыг маш бага концентрацтай хэрэглэдэг юм. Мал тэр асгарсан усыг нь өчнөөн литрээр нь уувал л үхэлд хүрнэ. Тэрнээс бага хэмжээгээр газрын хөрсөнд бага агууламжтай бодис асгарлаа гэхэд цианид задраад л байхгүй болчихдог.

-Тэгвэл цианидын аюул нь юу юм бэ?

-Гол аюул нь норох, чийгтэй газар байх. Цианид устай урвалд орохоороо синилийн хүчил үүсгэдэг. Дэгдэмхий, шатамхай, хортой хий ялгаруулдаг. Тэр нь амьсгал боогдуулж үхэлд хүргэдэг. Тиймээс ч дэлхий нийтээр цианидын гол аюулыг нь ямар нэгэн байдлаар ус руу орох гэж үздэг. Усанд орохоороо л цианид урвалд орж хортой синилийн хүчил ялгаруулдаг. Түүнээс бус бага агууламжтай уусмал асгарах нь аюул багатай.

-Сулруулсан уусмал гэдгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Бага концентрацтай уусмалыг л хэлж байгаа юм. Алтны уурхайнууд технологийн уусмалыг бэлдэхдээ маш бага хэмжээтэй цианид ашигладаг. Жишээ нь, нэг литр усанд нэг ширхэг ёотон хийхэд сахар хэр амтагдах вэ. Бараг амтагдахгүй биз дээ. Харин 30 ширхгийг хийвэл яах вэ. Чихэртэй ус болно. Үүн шиг сулруулсан уусмал гэдэг нь энгийн үгээр бол нэг литр усанд нэг сахар хийсэнтэй л ижил юм.

-Алтны үндсэн ордод цианид ашиглахаас өөр сонголтгүй юм байна. Хамгийн аюул багатай технологи нь гэж ойлголоо. Манайд ер нь хэдэн газар цианид ашиглаж байна вэ?

-Төв, Завхан, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнод аймагт 5 уурхайд ашиглаж байгаа. Дэлхий нийтээр л цианидыг алтны үндсэн ордод ашигладаг. Тийм болохоор аюулгүй ажиллагааг нь хангаад ашиглахаас өөр аргагүй.

-Цианидыг эсэргүүцэж яриад байдаг нэр бүхий хүн байдаг. Тэд бол “хаан хор”-ыг манайхаас өөр хаана ч ашигладаггүй гэдэг. Харин та дэлхий нийтээр ашигладаг гэж яриад байх юм.

-Тэр хүн чинь юу ч мэдэхгүй байж л эсэргүүцдэг ш дээ. Химич ч хүн биш. Ядаж жаахан уншчихаад ярьдаг болоосой л гэж боддог. Дандаа л хачин, худлаа зүйл ярьдаг. Жишээ нь, арьс ширний үйлдвэрүүд стронцы гэж бодис хэрэглэдэг, тэрнээс нь болж Туул гол хордож байна гэж ярихыг нь сонссон. Гэтэл стронцы нь өөрөө цацраг идэвхт бодис шүү дээ. Үнэндээ арьс ширний үйлдвэрүүд хромыг л хэрэглэдэг юм.

Бас тэр хүн “Цианидын код” гээд олон улсын байгууллагад Монгол ороогүй гээд л ярьж байна лээ. Миний мэдэхийн бүгд л орсон байх. Аль эрт л “Бороо гоулд” орсон, байнга л цианидын тэр байгууллага нь шалгадаг, хяналт тавьдаг юм билээ. Яагаад гэвэл, цианид үйлдвэрлэгчид очсон хэн дуртайд нь цианидыг өгөөд явуулдаггүй. Маш өндөр хяналт дор, хэнд зарах вэ гэдгээ үйлдвэрлэгчид нь өөрсдөө мэддэг учраас хангалттай хяналт тавьдаг.

-Монголд цианидаар хордсон газруудын судалгааг хөрс, усанд гээд хийдэггүй гэсэн мэдээлэл бий. Үнэн юм уу?

-Би тэгж ярихыг нь сонссон. Тийм судалгаа хийгээгүй, хийж ч мэддэггүй гэж ярьж байна лээ. Гэтэл үнэндээ дорхноо задардаг, тэгээд байхгүй болчихдог бодис учраас тийм зүйлд яаж судалгаа хийх юм бэ. Тийм биз дээ. Хөрс, ус, агаар гээд байгаль орчинд тархлаа гэхэд төд удалгүй задраад алга болчихдог юм. Хэдхэн минутын дотор задраад алга болчихоор тэнд судлах юм байхгүй. Боломжгүй гэсэн үг. Задраад алга болох учраас байгаль орчинд хохирол байхгүй. Тухайн цаг мөчдөө л хүн, малыг хордуулаагүй, үхүүлээгүй бол хэсэг хугацааны дараа бол юу ч байхгүй. Хордуулна гэж ч байхгүй. Харин мөнгөн усаар бохирдсон газрыг бол судалж болно. Яагаад гэвэл, дахиад хэлэхэд мөнгөн ус задарч алга болдоггүй. Мөнгөн ус, хүнцэлийн бохирдлыг судлах хэрэгтэй. Цианид бол байхгүй болчихдог, харин асгарсан, алдагдсан яг тэр үед нь дээж авч л шинжилж болно. Хэсэг хугацааны дараа задраад алга болох учраас судлах боломжгүй.

-Тэгэхээр цианид бол таны хэлснээр тэр дороо л хүн хордуулахгүй бол сөрөг нөлөө нь харьцангуй гайгүй юм байна. Гурван нүдтэй тугал төрөөд л, хорт хавдар үүсгээд л гэж байхгүй юм байна. Малын уушиг хараллаа л гэх юм. Энэ бүгд үндэслэлгүй байх нь ээ?

-Хүн, малын үр удамд нөлөөлж, хорт хавдар үүсгэнэ гэж байхгүй. Маш их хэмжээтэй, өндөр тунгаар хэрэглэвэл шууд л үхэлд хүргэнэ. Түүнээс мөнгөн ус шиг төв мэдрэлийн системд нөлөөлж, үр удамд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Гурван нүдтэй тугал төрөх ч юм уу, малын уушги харлана гэж байхгүй.

-Монголд цианид ашиглаж байгаа таван уурхай давхар мөнгөн ус хэрэглэдэг үү?

-Ерөөсөө хэрэглэхгүй. Мөнгөн ус хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн уурхай ганц ч байхгүй. Харин хууль бусаар гар аргаар алт олборлогчид л хэрэглээд байгаа юм. 1990-ээд оны төгсгөл, 2000-аад оны эхээр мөнгөн усны хэрэглээ асар ихсэж, гар аргаар алт олборлогчид хууль бусаар хэрэглэж, хоорондоо зарж худалдах нь замбараагаа алдсан байсан. Одоо харьцангуй гайгүй болсон ч мөнгөн усны хууль бус хэрэглээ гар аргаар алт олборлогчдын дунд байсаар байгааг цагдаагийнхан мэдээлсээр байна лээ. Хуучин шиг их биш ч гэсэн үүнийг анхаарах ёстой. Маш аюултай.