Саналаа “ХудалдахҮГҮЙ, ХууртахҮГҮЙ” хөдөлгөөн өрнөж байна

Нийтэлсэн: Админ 2020-06-17 17:46:49

Улсын Их Хурлын ээлжит сонгууль зургаадугаар сарын 24-ний лхагва гаригт  болно. Нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлж, улс орон даяар сонгуулийн кампанит ажил өрнөж буй энэ цагт сонгогчдод саналаа худалдахгүй, сонголтоо зөв хийхэд уриалсан “Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ” хөдөлгөөн өрнөж байна.

Энэхүү хөдөлгөөнийг “Нийгэм улс төрийн боловсрол” нийгэмд үйлчилдэг ТББ санаачлан Авлигатай тэмцэх газрын дэмжлэгээр зохион байгуулж буй аж.

Уг хөдөлгөөн нь сонгогчдыг саналаа худалдахгүй байхад уриалах, санал худалдан авалтын талаарх мэдлэг, мэдээлэл олгох, цаашлаад улс төрийн далд санхүүжилтэд хяналт тавих иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор буюу нэг тойрогт олон мандатад нэр дэвшигчдийг сонгох ёстой тогтолцоо байгаа нь сонгуулийн кампанит ажлын зардлыг шууд нэмэгдүүлж, их мөнгө зарцуулагддаг тул парламентын гишүүн болохын тулд сонгогчдын саналыг худалдаж авах тохиолдол гарах магадлалтай.

Иймээс сонгогч та “худалдахҮГҮЙ, хууртахҮГҮЙ” хөдөлгөөнд заавал нэгдэж, нийгэм рүү чиглэсэн нөлөөллийн ажилд оролцон, сонгогчдод уг уриалгыг хүргэхийг хүсэж байна.

Та тус хөдөлгөөнд ЭНД дарж нэгдээрэй.