Өмнөд цэгээс эрсэн Олимпийн мөрөөдөл

Нийтэлсэн: Админ 2020-04-01 10:49:53
 

 

“Токио 2020” гэгдэж байгаад хүн төрөлхтнийг тэр чигт нь нөмрөөд буй коронавирусний цар тахлын улмаас бүтэн нэг жилээр хойшлогдон “Токио 2021” болсон зуны олимпийн наадамд оролцох эх орныхоо баг тамирчдыг өндөр амжилт гаргахыг дэмжих зорилгоор “Токио олимп” санг байгуулсан билээ. Тус сан зорилгынхоо хүрээнд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг орон даяар аялуулж, хандивын аян өрнүүлэх юм. Энэхүү ажиллагаа өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь аймагт болж, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц аймгийн БТСГ-ын өдөр тутмын үйл ажиллагаа, шинээр баригдсан спортын барилга байгууламжуудтай танилцах ажлын айлчлал хийжээ. Энэхүү арга хэмжээний үеэр Ц.Шаравжамц “Токио олимп” сангийн менежер Б.Өнөбаатарын хамт Ерөнхий сайдын нэрэмжит цомыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ү.Энхцацрал, БТСГ-ын дарга Б.Батсайхан нарт хүлээлгэн өгсөн юм.


Спортоор улсдаа тэргүүлэх амбийцтай өмнийн говийнхон

Өмнөговьчуудын олон жил хүлээсэн спортын шинэ ордон ашиглалтад ороод удаагүй. Шинэ ордонд сагсан бөмбөг, волейбол, чөлөөт бөх, бокс, жүдо гээд Монголдоо түгээмэл бүхий л спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт явуулах боломжтой юм байна. Хэмжээний хувьд аймгууддаа л байхгүй гэмээр том юм. Заал танхимаас гадна 25 метрийн усан сан байгуулсан нь говь нутаг олны хөлийн газар болсныг илтгэнэ. Говийнхныг усанд муу гэдэг ч усан сан нь байвал ямархан усч улс болохыг олон жишээ харуулдаг. Өмнийн говиос улсынхаа нэрийг дархалсан шилдэг усчид төрж гарах цаг холгүй юм байна даа гэж бодогдлоо.

Спортын ордон нь материаллаг бааз, тоноглолын хувьд хаанахын хэн ч очсон нүүр улайхааргүй тоноглогджээ. Монголд ховор сагсан бөмбөгийн самбар хүртэл байж байх жишээний. Өмнөговьчуудын амбийц зөвхөн дотоодын тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй бололтой, энэ аймагт олон улсын тэмцээнүүд ч зохион байгуулах боломж бий болжээ. Номгон суманд л гэхэд зарим аймагт ч байхгүй спортын ордон барьчихсан байна.

 

Хүүхэд залуучууд спортоор байнга хичээллэдэг, спортын ордон, заал танхимуудад хөл хөдөлгөөн тасардаггүй гэнэ. Харин шинэ төрлийн коронавирусээс болж аймаг даяар хөл хорио тогтоосон учир одоохондоо эл хуль.

Ер нь өмнөговьчууд бусад аймагтай харьцуулахад илүү спортлог гэдэг нь аймгийн угтах хаалгаар орж ирэхээс анзаарагдаж байв.

Аймгийн төвөөс угтах хаалга хүртэл багагүй зайтай. Гэтэл өмнөговьчуудын дунд энэ зайд гүйдэг уламжлал тогтоод удаж байгаа гэнэ. Гудамжаар нь машин тэрэг дүүрэн. Гэхдээ бусад аймгийн төвд мотоцикл хөлөглөх залуус их байдаг бол Даланзадгадад ийм байдал харагдсангүй. Харин унадаг дугуйтай залуус олон ажээ. Монголын бусад газар нутгийг бодвол цаг уурын таатай, харьцангуй дулаан нөхцөлтэй учир эндхийнхэн хэдийнэ унадаг дугуйгаа унаад эхэлчихэж. Энд тэнд дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс ч олон харагдана.

Олимпийн мөрөөдлөө эх орны өмнөд цэгт даатгалаа

Аймгийн удирдлагуудтай уулзах үеэр Ц.Шаравжамц дарга “Ерөнхий сайдын нэрэмжит цомыг эх орныхоо захын дөрвөн цэгт аваачиж хүсэл юугаа даатгах нууцхан бодолтой”-гоо үгийн далимд дуулгасан нь юу юугүй ажил хэрэг болоод явчихав. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Засаг даргын орлогч Х.Батболд бидний хэрэг зоригийг сонсоод “Очих газар хол, зам мэдэхгүй хүмүүс төөрөх аюултай” хэмээн анхааруулж, сүүлдээ өөрөө замчлан хэрэг зоригийг нь бүтээж өгөхөөр болсон юм.

Говь нутагт нар эрт манддаг. Маргааш өдрийнх нь ургахын улаан нарнаар Х.Батболд дарга биднийг буусан буудлаас авч, арван жилд байхдаа газар зүйн хичээл дээр цээжлүүлж байсан дөрвөн газрын нэг болох Орвог гашууны бор толгойн зүг довтолгосон юм. Аймгийн төвөөс зорьсон газар нэлээд зайтай. Шороон замаар төдий түргэнгүй явсаар морь цагт хилийн застав дээр ирэв. Заставын дарга А.Гэрэлмөнхөд учир явдлаа хэлж, зөвшөөрсний дараа бид цомоо аван Орвог гашууны бор толгой дээр гарч зорилгоо биелүүлсэн юм. Хилийн торгон зааг дээр очих зөвшөөрлийг басчиг олон хүнд өгдөггүй учиртай.

 

Монгол орны хамгийн өмнөд цэг дээр Ц.Шаравжамц дарга ардынхаа уламжлалт ёсоор сэржим өргөөд сүлдэт баганаас адис авч Монголын баг тамирчдыг олимпоос олон медаль авч, аварга төрөх зам мөрийг тэгшитгэхийг залбиран даатгасан юм. Толгойгоос бууж машин дээрээ ирэхэд төрийн дуулал эгшиглэж таарсан. Энэ үед БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, заставын дарга А.Гэрэлмөнх нар гараа зүрхэн тушаа авч, номхон зогсон хүндэтгэл үзүүлсэн нь содон байсан. Дайны цагт цэргүүд эх орноо хамгаалдаг бол энхийн цагт тамирчид эх орныхоо нэрийг мандуулдаг гэдэг үгийг энэ явдал санагдуулсан юм. Үүний дараа Ц.Шаравжамц заставын дарга А.Гэрэлмөнхөд ам гарахдаа, олимпод төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчидтай хамт Орвог гашууны бор толгойд дахин ирнэ гэсэн билээ. 

Толгойд очих замдаа аймгийн түүх соёлын нэгэн дурсгал болох эртний хадны бичээс болон 200 жилийн өмнө суулгасан торойн төглийг үзэж сонирхов. А.Гэрэлмөнх дарга сум орныхоо үүх түүхийг маш сайн мэдэх ба зам зуурт бидэнд бахархан ярьж явлаа.

Ийнхүү “Токио олимп” сангийн цомын улсынхаа баг тамирчдаа дэмжих аян эх орны маань хамгийн өмнөд цэг болох Орвог гашууны бор толгойгоос гараагаа авч хамгийн хойд, баруун, зүүн зэрэг цэгүүд хүртэл аймаг болгоноор айлчлах гэж байна.

 

Б.Жаргал

Эх сурвалж: 24tsag.mn 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх