УИХ-ын хаврын чуулганыг цахимаар явуулахаар судалж байна

Нийтэлсэн: Админ 2020-03-24 13:26:05

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хуулийн заалттай. Харин манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбогдуулан дөрөвдүгээр сарын 30 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа. Тиймээс УИХ-ын чуулган хуулийн хугацаандаа хуралдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн цахим хурлын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа.

Учир нь, гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг” гэсэн юм. Гэхдээ хаврын чуулган эхлэх хугацааг хойшлуулахгүй бололтой. Тодруулбал, гишүүдийг нэг танхимд цуглуулахгүйгээр өрөөнөөсөө санал өгдөг байхаар техник технологийн шийдэл гаргаж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сайтад өгсөн ярилцлагадаа  дурджээ.

Тэрээр “Хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхэлнэ. Одоогоор хугацааг нь хойшлуулах талаар яриагүй байгаа. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр олон хүн нэг дор цугларахыг хориглож байгаа.

Гэхдээ парламент үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах шаардлага өнөөдөр үүсээд байна. Тиймээс ээлжит чуулган хугацаандаа эхэлнэ гэж бодож байна. Харин ээлжит чуулганыг хуралдуулахдаа орчин үеийн техникийг ашиглаж, онлайн хэлбэр рүү оруулах чиглэлийг ярьж байна.

Гишүүд танхимдаа бөөнөөрөө суухгүй, өрөө өрөөнөөсөө санал өгдөг, үг хэлдэг хэлбэрийг судалж байгаа.  Гэхдээ одоо эцэслээгүй байна. Технологийн хувьд тийм боломж бий” гэжээ.