Ё.Баатарбилэг: Алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон хүүхэд амьдарч байна

Нийтэлсэн: Админ 2020-03-20 15:45:32

Хөл хориотой холбоотойгоор Боловсролын яамнаас төгсөх ангийн 28 мянга гаруй сурагчдад зориулж ЭЕШ-ад бэлдэх, теле хичээлийг агуулсан CD гаргаж байгаа ба 12-р ангийн бүх хүүхдэд өгнө гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлсэн. Тэрээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

"12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа юм.

Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна

 

Малчид маань гэртээ СД, ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернет төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна. Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүдэдээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна. Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, интернетээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж, байршуулж байна. Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна.

 

Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга

 

Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна. Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна. Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СД, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байх.

Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ын суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил (шинэчилж чадаагүй) хэвээр л байна. Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна. "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна. Уучлаарай... Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга” гэсэн юм.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх