Турк улсаас иргэдээ авчрахаар тусгай үүргийн онгоц хөөрлөө

Нийтэлсэн: Админ 2020-03-18 10:56:43

Турк улс дахь Монгол иргэдээ авчрахаар өнөөдөр /2020.03.18/ 06.30 цагт МИАТ компанийн агаарын хөлөг “Чингис хаан” нисэх буудлаас хөөрлөө.

Тусгай үүргийн онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байгаа юм.

Шинэ коронавирусийн халдварын тархалтыг хумих зорилгоор улс орнууд олон улсын нислэгүүдээ түр зогсоосон тул Монгол Улс эх орондоо ирэх боломжгүй болсон иргэдээ тусгай үүргийн онгоц нисгэн авчирч буй.

Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, жирэмсэн эхчүүдийг хамгийн тэргүүнд тусгай үүргийн нислэгээр авчрах ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн өдрүүдэд БНСУ, Япон болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин хотоор дамжуулан татан тусгай үүргийн онгоцоор татан авчирсан. Нийтдээ 830 гаруй Монгол иргэн эх орондоо ирээд буй. Тэднийг “Чингис хаан” нисэх буудалд газардсан даруйд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудалд тус бүр тусгаарлан, хянаж байна. Эх орондоо ирсэн иргэдээс дөрөв нь шинэ коронавирусийн халдвар авсан болох нь шинжилгээгээр баталгаажиж, эмчилгээнд ороод буй.