ДЭМБ-аас коронавирусийн албан ёсны нэрийг зарлалаа

Нийтэлсэн: Админ 2020-02-12 9:42:08

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн халдварыг албан ёсоор “Covid-19” хэмээн нэрлэхээр болжээ. Эрдэмтэд уг нэрийг бүтээхдээ “corona”, “virus”, “disease” гэсэн гурван үгний товчлол дээр тус халдвар тархсан оныг нэмсэн байна.

ДЭМБ-ийн дарга Тедрос Адханом “Уг нэрийг бодож олохдоо аль нэг улс үндэстэн, газар зүйн байршил зэргийг харгалзалгүйгээр өвчний ерөнхий шинж чанар болон өвчин гарсан цаг хугацаагаар нь нэрлэсэн. Энэ нь уг өвчин цаашид хийгдэх судалгаа шинжилгээнд бусад төрлийн өвчинтэй андуурагдахгүй байх давуу талтай” хэмээн хэлжээ.

Шинэ төрлийн коронавирустэй тэмцэх асуудлаарх олон улсын мэргэжилтнүүдийн хоёр өдрийн уулзалт Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд өчигдөр /2020.02.11/ эхэлсэн юм.

Коронавирус буюу титэмт халдвар хэмээх нэр томъёо нь хэд хэдэн төрлийн өвчнүүдээс бүрдэх бүлэг вирусийн ерөнхий нэр бөгөөд энэ үгээр нэг өвчнийг нэрлэх нь олон төөрөгдлийг үүсгэх эрсдэлтэй аж. Эрдэмтэн судлаачид дээрх албан ёсны нэршлийг бодож олохоос өмнө уг вирусийг “2019-ncov” хэмээх түр зуурын нэршлийг ашиглаж байсан юм.

Ингээд “Covid-19” халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий даяар 44,800 хүн халдварлаж, 1,113 хүн нас баржээ. Харин эдгэрсэн хүний тоо 4,673 болоод байна. Сэжигтэй тохиолдол буюу эмнэлгийн хяналтад 21,000 орчим хүн байгаа бол 7,300 орчим хүний биеийн байдал хүнд байгаа аж.  “Covid-19” халдвар Хятадаас гадна дэлхийн 25 оронд илрээд байгаа билээ.

Япон улсад хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлгийн нийт 135 хүн вирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд өөр нэгэн аяллын хөлөг дээр шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, тус хөлгийг хүлээж авах боомт олдохгүй аяллаа үргэлжлүүлсээр байгаа аж. Дөрвөн ч боомт тус хөлгийг хүлээн авахаас татгалзсан байна.

Эх сурвалж: BBC