“Boeing 737 MAX” онгоцны үйлдвэрлэлийг зогсоохоор болжээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-17 14:28:13

АНУ-ын онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хамгийн сүүлийн үеийн “737 MAX” загварын онгоцны үйлдвэрлэлээ түр зогсоохоор шийдвэрлэжээ. Харин ойрын хугацаанд нөөцөд хуримтлагдсан тус загварын 400 онгоцыг хэрэглэгчдэд эцэслэн хүргэх тал дээр төвлөрөн ажиллахаар болжээ. Гэхдээ үүнтэй холбогдуулан ажилтнуудаа олноор халахгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Boeing” компани өнөөг хүртэл сар бүр дээрх загварын 40 онгоц үйлдвэрлэж байсан аж.  2018 оны аравдугаар сарын 29-нд Индонезид “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8” онгоцны ослоор 189 амь үрэгдэж, улмаар энэ оны гуравдугаар сарын 10-нд Этиопт “Ethiopian Airlines” компанийн ижил загварын онгоц сүйрч 157 хүний аминд хүрсэн юм. Энэ хоёр сүйрлийн аль алинд нь онгоцны маневрийн үзүүлэлтийг сайжруулах системд доголдол гарсныг тогтоожээ. Үүний дараа Европын холбоо, АНУ, ОХУ зэрэг олон орон “Boeing 737 MAX” онгоцыг нислэгт ашиглахаа түр зогсоосон билээ.